Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа

  • Post author:

       Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.2, 74.2.3, 74.2.4, 74.3.2, 74.3.3, 74.3.4, 74.3.5 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр товлосон боловч Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч нар хуралдааныг хойшлуулах хүсэлтээ Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн байна.

     Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэц … талуудыг эрх тэгш, чөлөөтэй мэтгэлцүүлэх, асуудлыг … бодитой … шийдвэрлэх зарчмыг баримтална.”, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн хуралдаанд маргагч талууд, тэдгээрийн итгэмжилсэн төлөөлөгч, өмгөөлөгчид маргаж байгаа асуудлаар харилцан бие биедээ асуулт тавьж, хариулт авах, гомдлын шаардлага, татгалзлалын үндэслэл болсон нотлох баримтуудыг харилцан няцаах, энэ талаархи баримтуудыг зохих журмын дагуу гаргах, батлах зэргээр мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Цэц төвийг сахиж, маргагч талуудад чөлөөтэй мэтгэлцэх бололцоо олгоно.”, 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг хуралдааны үед бүх талаас нь бүрэн гүйцэд, бодитой хянан үзэж, гарах дүгнэлтийг нотлох баримтуудаар хангалттай баталсан нөхцөлд Цэцийн шийдвэр үндэслэлтэй болно.” гэж заасан байна. Иймд тус маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг хуралдааны үед бүх талаас нь бүрэн гүйцэд, бодитой хянан үзэх, талуудад эрх тэгш, чөлөөтэй мэтгэлцэх бололцоо олгох үүднээс тус хуралдааныг хойшлуулж, 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 9.30 цагт хийхээр товлож, магадлал гаргалаа.

       Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Дараах шаардлагыг хангасан нам, эвсэлд энэ хуульд заасны дагуу суудал хуваарилна:” гээд 74.2.2 дахь заалтад “намын тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 4 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх;”, 74.2.3 дахь заалтад “хоёр нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 5 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх;”, 74.2.4 дэх заалтад “гурав буюу түүнээс дээш нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 7 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх.” гэж заасан. Түүнчлэн мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 4.3.2-т заасан жагсаалтаар нэр дэвшигчийн санал хураалтын дүнг дараах байдлаар гаргана:” гээд 74.3.2 дахь заалтад “энэ хуулийн 74.2-т заасан шаардлага хангасан нам, эвслийн авсан саналын хувь болон нийт нам, эвсэлд өгсөн хүчинтэй саналын хувь хоорондын зөрүүг энэ хуулийн 74.2-т заасан шаардлага хангасан нам, эвсэлд тэнцүү хэмжээгээр хуваан нам, эвсэл тус бүрийн авсан саналын хувь дээр нэмж тооцно;”, 74.3.3 дахь заалтад “энэ хуулийн 74.3.2-т заасны дагуу тооцож гаргасан хувиудын нийлбэрийг 48-д хувааж нэг суудалд ногдох саналын тоо, хувийг тооцож гаргана;”, 74.3.4 дэх заалтад “энэ хуулийн 74.3.2-т заасны дагуу тооцож гаргасан нам, эвсэл тус бүрийн авсан саналын хувийг энэ хуулийн 74.3.3-т заасны дагуу тооцож гаргасан нэг суудалд ногдох саналын хувьд хувааж, Улсын Их Хурлын гишүүний 48 суудлыг их үлдэгдлийн зарчмаар хувь тэнцүүлэн хуваарилна;”, 74.3.5 дахь заалтад “энэ хуулийн 74.3.4-т заасны дагуу нэг суудалд ногдох саналын хувьд хуваахдаа бутархай нарийвчлалтай гаргаж, эхний ээлжид бүхэл хэсэгт нь тэнцэх суудлыг хуваарилах, хэрэв хуваарилагдаагүй суудал үлдвэл хамгийн их үлдэгдэлтэйгээс нь эхлэн нэг нэгээр суудлыг нам, эвсэлд нэмж хуваарилах зарчмаар бүх суудлыг хуваарилж дуусгана;” гэж заажээ.