“Хууль дээдлэх ёсыг баталгаажуулахад Үндсэн хуулийн шүүхийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт олон улсын бага хурал болов

  • Post author:

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Эрдэнэбулган, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Болдбаатар нар Бүгд Найрамдах Болгар Улсын Үндсэн хуулийн шүүхийн урилгаар тус шүүхийн 35 жилийн ойн арга хэмжээнд оролцлоо.

Болгар Улсын нийслэл Софи хотноо зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээнд 32 улсын зочид, төлөөлөгчид оролцсон бөгөөд “Хууль дээдлэх ёсыг баталгаажуулахад Үндсэн хуулийн шүүхийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт олон улсын бага хурал болсон юм.

Айлчлалын үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Эрдэнэбулган, Болгар Улсын Үндсэн хуулийн шүүхийн ерөнхийлөгч Павлина Панова нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичиг нь хоёр улсын Үндсэн хуулийн шүүх хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах үйл явцад идэвх санаачилгатай оролцож, үр бүтээлтэй хамтран ажилласан Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийллээ.