Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

  • Post author:

       Нэр бүхий иргэдээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.2, 74.2.3, 74.2.4, 74.3.2, 74.3.3, 74.3.4, 74.3.5 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, … тэгш байдал … нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. …”, Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. … дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.” гэснийг зөрчсөн гэж үзэж өргөдөл, мэдээлэл ирүүлсний дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж, нэгтгэн шалгаж дуусгалаа.

      Тус хуулийн 74 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Дараах шаардлагыг хангасан нам, эвсэлд энэ хуульд заасны дагуу суудал хуваарилна” гээд 74.2.2 дахь заалтад “намын тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 4 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх;”, 74.2.3 дахь заалтад “хоёр нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 5 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх;”, 74.2.4 дэх заалтад “гурав буюу түүнээс дээш нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 7 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх.” гэж заасан. Түүнчлэн мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 4.3.2-т заасан жагсаалтаар нэр дэвшигчийн санал хураалтын дүнг дараах байдлаар гаргана” гээд 74.3.2 дахь заалтад “энэ хуулийн 74.2-т заасан шаардлага хангасан нам, эвслийн авсан саналын хувь болон нийт нам, эвсэлд өгсөн хүчинтэй саналын хувь хоорондын зөрүүг энэ хуулийн 74.2-т заасан шаардлага хангасан нам, эвсэлд тэнцүү хэмжээгээр хуваан нам, эвсэл тус бүрийн авсан саналын хувь дээр нэмж тооцно;”, 74.3.3 дахь заалтад “энэ хуулийн 74.3.2-т заасны дагуу тооцож гаргасан хувиудын нийлбэрийг 48-д хувааж нэг суудалд ногдох саналын тоо, хувийг тооцож гаргана;”, 74.3.4 дэх заалтад “энэ хуулийн 74.3.2-т заасны дагуу тооцож гаргасан нам, эвсэл тус бүрийн авсан саналын хувийг энэ хуулийн 74.3.3-т заасны дагуу тооцож гаргасан нэг суудалд ногдох саналын хувьд хувааж, Улсын Их Хурлын гишүүний 48 суудлыг их үлдэгдлийн зарчмаар хувь тэнцүүлэн хуваарилна;”, 74.3.5 дахь заалтад “энэ хуулийн 74.3.4-т заасны дагуу нэг суудалд ногдох саналын хувьд хуваахдаа бутархай нарийвчлалтай гаргаж, эхний ээлжид бүхэл хэсэгт нь тэнцэх суудлыг хуваарилах, хэрэв хуваарилагдаагүй суудал үлдвэл хамгийн их үлдэгдэлтэйгээс нь эхлэн нэг нэгээр суудлыг нам, эвсэлд нэмж хуваарилах зарчмаар бүх суудлыг хуваарилж дуусгана;” гэжээ.

      Уг маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 09.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд болно.