Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай 2020 оны 01 дүгээр дүгнэлтийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гаргасан. Монгол Улсын Их Хурал уг дүгнэлтийг хэлэлцээд 2020 оны 30 дугаар тогтоол гаргаж, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн. Иймээс 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар уг маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэж, 2024 оны 02 дугаар тогтоол гаргасныг бүрэн эхээр нь эндээс хүлээн авна уу.
Энэ тогтоолоор Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн гэж үзэж, тус хэсгийг хүчингүй болгосон билээ.
Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 01 дүгээр дүгнэлтийг энд дарж, Монгол Улсын Их Хурлын мөн 30 дугаар тогтоолыг энд дарж тус тус унших боломжтой.
Хуваалцах: