Өмгөөллийн тухай хуульд заасан зарим хуульчийг өмгөөлөгчийн шалгалтад оруулахаас татгалзах тухай заалттай холбоотой маргааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн олонхийн саналаар Их суудлын хуралдаанаар хянан шийдвэрлэхээр тогтлоо

  • Post author:

         Нэр бүхий иргэний мэдээллийн дагуу Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалтад хууль зүйн чиглэлээр багшлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, өмгөөллийн хуулийн этгээд, мэргэжлийн холбоо, түүний хороодын чиг үүрэгт хамаарахаас бусад ажил, албан тушаал эрхэлдэг болон улс төрийн нам, түүний харьяа, салбар, бүтцийн нэгжид орон тооны ажил, албан тушаал хавсран эрхэлж байгаа хуульчийг өмгөөлөгчийн шалгалтад орохыг хориглохоор зохицуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтыг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн олонхийн саналаар маргаан үүсгэж, тус маргааныг Их суудлын хуралдаанаар хянан шийдвэрлэхээр холбогдох ажиллагааг хийж байна.

         Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.”, Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй;” гэж тус тус заасан.

Хуваалцах:

Share on facebook
Share on twitter