Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн их суудлын хуралдаанаас гаргасан 03 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийн дагуу хүчингүй болсон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно.” гэсэн заалтын “… нэг удаа …” гэсэн хэсгийг Улсын Их Хурал 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулиар агуулгаар нь дахин сэргээсэн байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно.” гэсэн заалтын “… зөвхөн нэг удаа …” гэсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийн дагуу хүчингүй болсон дээрх хуулийн заалтыг Улсын Их Хурал агуулгаар нь дахин сэргээсэн нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэр эцсийн байх зарчим (res judicata)-ыг алдагдуулсан байна. Тодруулбал, Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж, Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.” гэж, Жаран зургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно.” гэж, Жаран долдугаар зүйлд “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно.” гэж, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна.
Санамж: Энэхүү тоймыг олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэсэн тул Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 03 дугаар тогтоолыг орлохгүй бөгөөд тус тогтоолыг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.