Улсын дээд шүүхийн тайлбар Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр хүчингүй болгосон хуулийн заалтыг дахин сэргээсэн эсэх маргаан (Цэцийн тогтоол, 2026, №02)-ы тойм

  • Post author:

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн их суудлын хуралдаанаас гаргасан 02 дугаар тогтоолоор Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн “Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх талаар албан ёсны тайлбар” 11 дүгээр тогтоол нь Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон хуулийн зохицуулалтыг агуулгаар нь дахин сэргээгээгүй гэж шийдвэрлэсэн.

1.Үндсэн хуулийн цэц нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн дагуу Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх, Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг” хянан шийдвэрлэхээр өргөн хүрээнд тусгасан байна. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан нь зөвхөн Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт тоочсон “маргаантай асуудал”-аар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулахаар хязгаарлагдахгүй, Үндсэн хуулийг зөрчсөн тухай бусад маргааныг мөн хянан шийдвэрлэх замаар Үндсэн хуулийг чандлан сахиулна.

Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт Улсын дээд шүүх нь “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;” бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “… Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ.” гэж заасан. Улсын дээд шүүхийн тайлбар нь хуульд нийцсэн байх ёстой бөгөөд хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоох эрхгүй. Харин Улсын дээд шүүх тайлбар гаргахдаа хууль тогтоох онцгой бүрэн эрхийг дур мэдэн хэрэгжүүлж, нийтээр заавал дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон, Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл байгаа бол Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих бүрэн эрхийн хүрээнд иргэний өргөдлөөр маргаан үүсгэн хянан шийдвэрлэнэ.

2.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “… Хэрэв эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон хууль болон бусад шийдвэрийн заалтыг … агуулгаар нь дахин сэргээвэл … Цэц хяналтын журмаар хянан шийдвэрлэж болно.” гэж заасан. Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэх практикт “дахин сэргээсэн” гэдгийг хууль тогтоогч Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр хүчингүй болсон хуулийн зохицуулалтыг Үндсэн хууль зөрчсөн гэдгийг мэдэж байгаа хэдий ч түүнийг шууд буюу агуулгаар нь дахин сэргээсэн хууль батлахыг ойлгож ирсэн байна.

Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаас гаргасан 12 дугаар дүгнэлтээр Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн. Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолоор тус дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн их суудлын хуралдаанаас гаргасан 01 дүгээр тогтоолоор уг маргааныг эцэслэн шийдвэрлэж, маргаан бүхий хуулийг хүчингүй болгосон байна.

Дээрхээс үзэхэд, Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлт, 2021 оны 01 дүгээр тогтоолоор Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж хүчингүй болгосон 2020 оны Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг дахин сэргээсэн гэж тооцоход адил заалтыг Улсын Их Хурлаас баталсан хуульд шууд, эсхүл агуулгаар нь дахин тусгасан тохиолдол хамаарахаар байна. Иймээс Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж хүчингүй болгосон хуулийг Улсын Их Хурлаас бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрээр дахин сэргээх боломжгүй тул Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийг агуулгаар нь “дахин сэргээсэн” гэж үзэх үндэслэлгүй байна.

3.Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт тоочоогүй эрх зүйн акт (тухайлбал, хуулийг зөв хэрэглэх талаарх албан ёсны тайлбар, тодорхой хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр) Үндсэн хуулиар баталгаажсан үндсэн эрх зөрчсөн тухай иргэний өргөдлийн дагуу Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн тохиолдолд уг маргааныг хянан шийдвэрлэж, магадлал гаргах бөгөөд үндсэн эрхийг хамгаалахад шаардлагатай гэж үзвэл Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтыг үндэслэн Улсын дээд шүүхэд шилжүүлнэ.

Улсын дээд шүүхийн уг албан ёсны тайлбар нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг нь зөрчсөн эсэхтэй холбоотой байх хэдий ч мэдээлэл гаргагч (өмгөөлөгч) нараас Үндсэн хуулийн цэцэд үйлчлүүлэгч нь өргөдөл гаргах зөвшөөрөл олгосон баримт гаргаж өгөөгүй, мөн холбогдсон хэргийнхээ талаар хувийн мэдээллийг энэ маргаанд холбогдуулан гаргаж өгөхөөс татгалзсан тул Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх зөрчигдсөн үйл баримт тогтоогдохгүй байна.

     Дунд суудлын хуралдааны илтгэгч гишүүн

Санамж: Энэхүү тоймыг олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэсэн тул Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар тогтоолыг орлохгүй бөгөөд тус тогтоолыг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.