Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан, Э.Энхтуяа нар өнөөдөр (2026.07.13) Бүгд Найрамдах Франц Улсын Үндсэн хуулийн зөвлөлийн гишүүн Франсуа Пиллег Үндсэн хуулийн цэцийн ордонд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан Бүгд Найрамдах Франц Улсын Үндсэн хуулийн зөвлөлийн гишүүн Франсуа Пиллетэй дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн төлөөлөл 2025 оны хоёрдугаар сард Бүгд Найрамдах Франц Улсын Үндсэн хуулийн зөвлөлд албан айлчлал хийсэн. Айлчлалын үеэр тус улсын Үндсэн хуулийн хяналтын тогтолцооны үүсэл, хөгжил, туршлагатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан санал солилцсон нь үр өгөөжтэй байсан”-ыг онцлов.
Бүгд Найрамдах Франц Улсын Үндсэн хуулийн зөвлөлийн гишүүн Франсуа Пилле “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн эрхэм гишүүдтэй дахин уулзаж байгаадаа туйлын баяртай байна. Монгол, Франц Улсын Үндсэн хуулийн шүүхүүд олон жилийн турш үр бүтээлтэй хамтын ажиллагааг хөгжүүлж ирснийг онцлох нь зүйтэй” гэв.
Талууд уулзалтын үеэр хоёр улсын Үндсэн хуулийн шүүхийн хамтын ажиллагааны цаашдын боломжийн талаар санал солилцов.
Энэхүү уулзалтад Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Коринн Пэрера да Силва, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд асан У.Нямхүү болон албаны бусад хүмүүс байлцав.