Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Судалгаа, хөгжлийн нарийн бичгийн дарга нарын газар 2026 оны эхний хагас жилийн мэдээний тоймоо нийтэлжээ.
Тус тоймд Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотод байрлах Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Судалгаа, хөгжлийн нарийн бичгийн дарга нарын газарт судлаачаар томилогдон ажиллаж байгаа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын ахлах мэргэжилтэн Б.Оюу-Марал “Үндсэн хуулийн шүүхэд импичментийн маргааныг хянан шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт ба тулгамдсан асуудал: Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын жишээн дээр” сэдвээр харьцуулсан судалгаа хийж гүйцэтгэж байгаа талаар мэдээлсэн байна.
Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Судалгаа, хөгжлийн нарийн бичгийн дарга нарын газар нь бүс нутгийн улс орнуудын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрүүдэд тогтмол судалгаа, шинжилгээ хийж, үр дүнг нь эмхэтгэн гаргадаг.
Энэ хүрээнд тус байгууллага 2018 оноос хойш судалгааны эмхэтгэлийг тогтмол хэвлүүлж ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 8 дугаар гаргаад байна.
2026 оны 12 дугаар сард “Үндсэн хуулийн эрх зүйд тулгарч буй өнөөгийн асуудлууд” сэдвийн дор 9 дэх судалгааны эмхэтгэлээ гаргахаар төлөвлөж байгаагаа энэхүү мэдээний тоймд дурджээ.
Мэдээний тоймтой та бүхэн доорх холбоосоор танилцах боломжтой.
https://aacc-asia.org/content/newsletters/20_edit_AACC%20SRD%20Newsletter_July%202026_English.pdf