Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн дунд суудлын хуралдаанаас гаргасан 05 дугаар дүгнэлтээр Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Төр нь … өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, Долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч … мөн.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “… хөрөнгө шударгаар олж авах, … өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. …”, мөн зүйлийн 8 дахь заалтын “… үр шимийг нь хүртэх эрхтэй. …” гэсэнд нийцээгүй гэж үзэж, уг заалтыг мөн өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад Монгол Улсын иргэн “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө;” гэж зааж, хувийн өмчийг өмчлөх эрхийг хамгаалсан байна. Энэхүү заалтад тусгасан өмчлөх эрхийг зөвхөн хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг өмчлөхөөр явцууруулан ойлгох нь хүн хувийн амьдралаа удирдах, бие даан авч явах боломжийг олгох өмчийн чиг үүргийг алдагдуулах тул энэхүү чиг үүргийн дагуу өргөжүүлэн тайлбарлах шаардлагатай. Бүтээл ашиглах онцгой эрх нь өмчлөх эрхийн шинжийг агуулсан, биет бус, эдийн бус хөрөнгийн эрх бөгөөд Үндсэн хуулийн өмчлөх эрхийн хамгаалалтад багтана. Бүтээл ашиглах онцгой эрхийн Үндсэн хуулийн хамгаалалтын баталгаа нь зохиогч оюуны бүтээлч үйл ажиллагааныхаа үр дүнгээрээ Үндсэн хуулиар хамгаалагдах ач холбогдол бүхий эдийн засгийн үнэ цэнийг бий болгож, хувийн амьдралаа удирдах, бие даан авч явах боломжоор тодорхойлогдоно.
Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад өмчлөх эрхээс гадна өв залгамжлуулах эрхийг тусгайлан хамгаалжээ. Өв залгамжлуулах эрх нь хүний өмчлөх эрхийн хэрэгжилт өмчлөгч нас барснаар тасалдахаас сэргийлэх, эрх залгамжлалын замаар түүний тасралтгүй үргэлжлэх нөхцөлийг хангах чиг үүрэгтэй бөгөөд энэ эрхийг эдлүүлэх нь өмчлөх эрхийн баталгааг нөхөн гүйцээж, Үндсэн хуулиар тогтоосон өмчийн тогтолцооны үндэс суурийг бэхжүүлнэ. Өв залгамжлуулах эрх нь өмчлөгчийн хувьд нас барсан тохиолдолд тухайн хөрөнгийг захиран зарцуулах боломжийг олгоно. Өмчлөгч өөрийн өмчлөлийн хөрөнгийг хэрхэхийг зөвхөн амьд байх хугацаандаа төдийгүй нас барсныхаа дараа ч тодорхойлох боломжтой байх ёстой. Зохиогчийн эрхийн тухай хуулийн маргаан бүхий зохицуулалт нь хамтын бүтээл туурвисан зохиогчдоос түрүүлж нас барсан зохиогч бүтээл ашиглах онцгой эрхээ сүүлчийн зохиогч нас барах хүртэл тодорхой бус хугацаагаар өв залгамжлуулах боломжгүй болгож, уг эрх өв залгамжлалын нийтлэг журмын дагуу өвлөгчид шилжихгүй байх нөхцөл бүрдсэн байна. Өмчлөгч хөрөнгөө өвийн журмаар захиран зарцуулж чадахгүй байх тул түүний өмчлөх эрх нь хязгаарлагдсан байна.
Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад хөрөнгө шударгаар олж авах эрхийг мөн баталгаажуулсан. Тодорхой нөхцөлд хөрөнгө олж авах “хууль ёсны хүлээлт” нь хөрөнгө шударгаар олж авах эрхийн хүрээнд хамгаалагдана. Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх нь хуульд зааснаар, эсхүл гэрээслэлээр өвлөгдөх эдийн бус хөрөнгийн эрх юм. Иймээс аливаа бүтээл туурвисан зохиогчийн өвлөгчид зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг өвийн журмаар олж авах хууль ёсны хүлээлт бий болно. Өвлөгчийн энэхүү хүлээлт Үндсэн хуулиар баталгаажуулсан хөрөнгө шударгаар олж авах эрхийн хүрээнд хамгаалагдана. Түүнчлэн маргаан бүхий зохицуулалтаас шалтгаалан хамтын бүтээл туурвисан зохиогчдоос түрүүлж нас барсан зохиогчийн өвлөгч нь бүтээл ашиглах онцгой эрхээ хэрэгжүүлэх, эрхийн зөрчлийг таслан зогсоох боломжгүй болж байх тул энэ нь Үндсэн хуулиар хамгаалсан өмчлөх эрхэд нь хязгаарлалт бий болгожээ.
Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 8 дахь заалтад Монгол Улсын иргэн “соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй. Зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална;” гэж заасан. Зохиогчийн ашиг сонирхлоос илүү нийтийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавих зайлшгүй шаардлага үүссэнээс бусад тохиолдолд зохиогч өөрийн бүтээлийн эдийн засгийн үр шимийг хүртэх эрхтэй. Зохиогч нас барснаас хойш зохиогчийн эрхийг тодорхой хугацааны турш хамгаалахаар хуулиар тогтоосон нь тухайн зохиогчийн өвлөгч бүтээлийн эдийн засгийн үр шимийг уул хугацаанд хүртэхэд зориулагдсан байна. Энэ үндэслэлээр өвлөгч нь зохиогч биш боловч түүний бүтээлийн үр шимийг хүртэх эрхийг эдэлнэ.
Иймээс Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт хамтын бүтээл туурвисан зохиогчдоос хамгийн сүүлд амьд үлдсэн зохиогчоос бусад зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийн өв эрх зүйн нийтлэг журмаар бус, харин сүүлчийн зохиогч нас барах хүртэл тодорхойгүй хугацаагаар нээгдэхгүй байхаар хуульчилсан нь сүүлчийн зохиогчоос бусад зохиогчийн өмчлөх, өв залгамжлуулах эрх, мөн түүний өвлөгчийн хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх, бүтээлийн үр шимийг хүртэх эрхийг хязгаарласан байна.
Өмчлөх, хөрөнгө шударгаар олж авах, өв залгамжлуулах, бүтээлийн үр шимийг хүртэх эрх нь туйлын эрх биш тул тэдгээрийн хүрээг Үндсэн хуулийн дагуу нийтийн ашиг сонирхолтой тэнцвэржүүлж зохицуулна. Туйлын эрхээс бусад үндсэн эрхийг гагцхүү хуулиар хязгаарлаж болох боловч уг хязгаарлалт нь тодорхой, тохирсон, ялгаварлан гадуурхаагүй байх зэрэг зарчимд нийцсэн байх шаардлагатай.
Маргаан бүхий зохицуулалтад хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээл ашиглах онцгой эрхийн өв сүүлчийн зохиогч нас барсан өдөр нээгдэх нь хуулийн бичвэрээс ойлгогдож байгаа хэдий ч уг зохицуулалт нь хууль хэрэгжүүлэх болон хэрэглэхэд тодорхойгүй байдлыг бий болгож байна. Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг Иргэний хуульд заасан нийтлэг журмын дагуу өв залгамжлахаар зохицуулсан хэдий ч маргаан бүхий зохицуулалтад өөр журмыг баримтлахаар хуульчилсан нь хуулийг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэхэд зөрчилдөөн бий болгосон байна. Мөн хамтын бүтээл ашиглах онцгой эрхийн хамгаалалтын хугацааг тооцоход хэрэглэгддэг амьд үлдсэн сүүлчийн зохиогчийн журмыг хамтын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлалын харилцаанд хэрэглэхээр хуульчилсан нь уг зохицуулалтын тодорхой байдлыг алдагдуулжээ.
Тохирсон байх зарчмын дагуу үндсэн эрхийн хязгаарлалт нь хууль ёсны зорилготой, уг зорилгод хүрэхэд уялдаатай, зайлшгүй, тэнцвэртэй байх шаардлагатай. Хууль тогтоогч маргаан бүхий зохицуулалтын хууль ёсны зорилгыг хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлалын хугацааг нэг цэгээс эхлэн тооцож, адил хугацаатай байлгах, тухайн бүтээлд оюуны хүч, хөдөлмөрөө шингээсэн амьд үлдсэн зохиогчийн эрхийг хамгаалахад чиглэсэн гэж тайлбарласан боловч энэ нь нотлогдоогүй тул маргаан бүхий зохицуулалт хууль ёсны зорилгогүй байна. Үндсэн эрхийн хязгаарлалт нь хууль ёсны зорилгогүй тохиолдолд хууль ёсны зорилгод хүрэхэд уялдаатай, зайлшгүй, тэнцвэртэй эсэх шалгуураар үргэлжлүүлэн шалгах боломжгүй байна. Иймээс тохирсон байх зарчим хангагдаагүй байна.
Аливаа хэлбэрээр бүтээл туурвисан зохиогчдын хувьд тэдний бүтээл ашиглах онцгой эрхийг өв залгамжлуулах журмыг ялгаатай зохицуулах үндэслэл тогтоогдохгүй байна. Иймээс маргаан бүхий зохицуулалт нь дангаараа болон хамтын бүтээл туурвисан зохиогчид (мөн тэдгээрийн өвлөгчид)-ын хооронд, мөн хамтын бүтээл туурвисан зохиогчид (мөн тэдгээрийн өвлөгчид)-ын хооронд зохих үндэслэлгүйгээр ялгаатай эрх зүйн үр дагавар бий болгосон байх тул ялгаварлан гадуурхсан шинжтэй байна.
Иймд Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг Үндсэн хуулиар хамгаалсан иргэний хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах, бүтээлийн үр шимийг хүртэх эрхийг зөрчсөн байна. Түүнчлэн маргаан бүхий зохицуулалт нь эдгээр эрхийг зохих үндэслэлгүйгээр хязгаарласан байх тул Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах зарчмыг болон Долдугаар зүйлийн 2 дахь хэсгээр хамгаалсан зохиогчийн өмчийн хамгаалалтыг алдагдуулсан байна.
Дунд суудлын хуралдааны илтгэгч гишүүн
Санамж: Энэхүү тоймыг олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэсэн тул Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 05 дугаар дүгнэлтийг орлохгүй бөгөөд тус дүгнэлтийг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.