Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв

  • Post author:

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы 2026.03.31-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, энэ талаар Цэцийн гишүүн Р.Батрагчаа нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Үндсэн хуулийн цэц 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа дээрх маргааныг хэлэлцэх үеэр Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин оролцсон байна.

Цэц дээрх маргааныг хянан хэлэлцээд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасанд нийцээгүй байна хэмээн дүгнэжээ.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт нийцсэн хэмээн дүгнэсэн байна. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр 2026 оны 01 дүгээр дүгнэлтэд дурдсан байна. Дээрх дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Хууль зүйн байнгын хорооны 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7 хувийн саналаар Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа уг дүгнэлтийг хэлэлцээд, гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн энэ оны 01  дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн дэмжсэн аж. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа асуулт асууж, Х.Тэмүүжин гишүүн байр сууриа илэрхийлсний дараа Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ санал хураалтыг хойшлуулсан.

           Үдээс хойших хуралдааны үеэр  Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа горимын санал гаргаж, гишүүдийн олонх дэмжсэнээр Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлтийн талаарх санал хураалтыг нэг бүрчлэн явуулж, шийдвэрлэлээ. Байнгын хороодоос гаргасан санал, дүгнэлт тус бүрээр ил санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн талаарх Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцлоо.

Эх Сурвалж: Parliament.mn
Холбоос: https://www.parliament.mn/nn/76920/