Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ

  • Post author:

          Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов дарааллын дагуу (2026.04.16) Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй тухай Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн юм. Дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар чуулганы нэгдсэн хуралдаанд уншиж танилцуулав.

           Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг тус тус танилцуулав. Байнгын хороодоос дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна.

Байнгын хороодын санал, дүгнэлтүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, П.Сайнзориг, Б.Уянга, С.Эрдэнэбат нар асуулт асууж, Цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилласан Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдалаас хариулт авч, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд Мэргэжлийн нэгдсэн холбоодын эрх зүйн байдал, санхүүгийн чадавхыг сайжруулах, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход цаашид анхаарч ажиллах шаардлага байгааг онцлон хөндөж, улсын бүртгэл болон Улсын дээд шүүхийн эрхэлж буй бүртгэлийн үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх талаар тодотгож, хариулт авсан юм. Түүнчлэн, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрүүд Үндсэн хуульд нийцээгүй тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдтэй холбоотойгоор хариуцлага тооцдог механизмын талаар ярилцлаа. Энэ асуудлаар эрх зүйн дүгнэлт, лавлагаа гаргаж танилцуулахыг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Тамгын газарт үүрэг болгов.

Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Байнгын хороодын саналаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул тус дүгнэлтийг хүлээн авах тухай Улсын Их Хурлын тогтоолыг батлагдсанд тооцлоо.

Эх сурвалж: parliament.mn

Мэдээний холбоос