Нам, эвсэлд тавих босго Үндсэн хууль зөрчөөгүй тухай Цэцийн дүгнэлт (2025, №09)-ийн тойм

  • Post author:

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Дунд суудлын хуралдаанаас гаргасан 9 дүгээр дүгнэлтээр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.2, 74.2.3, 74.2.4, 74.3.2, 74.3.3, 74.3.4, 74.3.5 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Хорин нэгдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй гэж шийдвэрлэсэн байна.

Ардчилсан нийгэмд сонгууль нь санал хураалт явуулах замаар нийтийн албан тушаал эрхлэх хүнийг сонгох үйл явц бөгөөд энэ нь улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх сонгогчдын оролцоо, төлөөлөл, нийгмийн зөвшилцлийг хангахад чиглэдэг. Ардчилсан сонгуулийн зарчмын дагуу явуулсан сонгуульгүйгээр ардчилсан нийгэм оршин тогтнох боломжгүй. Үндсэн хуульд иргэд нийтээрээ, чөлөөтэй, тэгш, шууд сонгох, саналаа нууцаар гаргах зэрэг ардчилсан сонгуулийн зарчмыг тусгасан бөгөөд иргэн бүр сонгуульд оролцох тэгш боломжоор хангагдах ёстой. Эдгээр зарчим нь сонгогчдын хүсэл зоригийн чөлөөт илэрхийллийг баталгаажуулж, ардчилсан сонгууль явуулах суурь нөхцөлийг тогтоож өгдөг.

1990 оноос хойш парламентын сонгуулийг нийт 10 удаа зохион байгуулжээ. Тухайлбал, 1992-2020 оны хооронд Улсын Их Хурлын нийт 8 удаагийн сонгууль явуулснаас 7-г нь олныг төлөөлөх тогтолцоогоор (үүний 4 нь 1 мандаттай, 3 нь олон мандаттай тойргоор), харин 1-ийг нь холимог тогтолцоогоор зохион байгуулсан байна. Улсын Их Хурлыг 8 удаа ийнхүү байгуулахдаа сонгуулийн тогтолцоог тухай бүр өөрчилж, өөрчлөлт бүр нь ээлжит сонгуулиас 1-6 сарын өмнө хийгдэж байжээ.

Сонгуулийн тогтолцооны тогтвортой байдлыг хангах, намууд сонгуульд шударгаар өрсөлдөх, олон намын тогтолцоог бэхжүүлэх үүднээс олныг төлөөлөх болон хувь тэнцүүлэн төлөөлөх аргын давуу талыг тусгасан сонгуулийн холимог тогтолцоог 2023 оны өөрчлөлтөөр Үндсэн хуульд тусгасан байна. Тодруулбал, Улсын Их Хурлын 126 гишүүний 78-ыг нь олныг төлөөлөх, 48-ыг нь хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгох ерөнхий харьцааг Үндсэн хуульд заасан бөгөөд сонгуулийн холимог тогтолцооны ялгаатай хувилбараас Үндсэн хуульд нийцүүлэн сонгон хуульчлах, хөгжүүлэх, нарийвчлан зохицуулах бүрэн эрх нь Улсын Их Хуралд хадгалагдана. Тиймээс 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, үүний дагуу 2024 оны ээлжит сонгуулийг явуулсан байна.

Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгох хүрээнд тус хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.2, 74.2.3, 74.2.4 дэх заалтаар нам, эвсэлд босго тогтоож, мөн зүйлийн 74.3.2, 74.3.3, 74.3.4, 74.3.5 дахь заалтаар эдгээр босгыг давсан нам, эвсэлд суудал хуваарилахаар зохицуулсан байна. Энэ зохицуулалт нь дараах үндэслэлээр Үндсэн хуулийг зөрчөөгүй байна:

1.Хувь тэнцүүлэн төлөөлөх аргыг хэрэглэх үед парламентад суудал авахын тулд нийт сонгогчийн саналаас тооцоолсон заавал авах саналын хувийг босго болгон тогтоодог. Босго тогтоосноор тухайн босгыг даваагүй нам, эвсэлд өгсөн санал гээгдэж суудал хуваарилалтад нөлөөлөхгүй тул босго даваагүй болон давсан нам, эвсэлд өгсөн саналын хооронд ялгаа үүсгэсэн байна. Энэ ялгаа нь зохих үндэслэлтэй эсэхийг шалгах замаар тэгш сонгох эрх зөрчигдсөн эсэхийг шийдвэрлэнэ. Тэгш сонгох эрх нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүн бүр эрх тэгш байх зарчмын тусгай шаардлагыг илэрхийлж, ардчилсан ёсонд агуулагдсан иргэний тэгш байдлыг баталгаажуулдаг бөгөөд энэ зарчим нь хүмүүст зохих үндэслэлээр ялгаатай хандахыг зөвшөөрнө.

Сонгогч бүр бусад сонгогчтой адил санал өгөх, тэрхүү санал нь бусад саналтай адил тоологдох, улмаар бүх сонгогчийн өгсөн санал сонгуулийн дүнд адил нөлөө үзүүлэхийг тэгш сонгох эрх шаардана. Тэгш сонгох эрх нь сонгогч бүрийн саналын “тоологдох үнэ цэн” болон “амжилт олох үнэ цэн” зарчмын хувьд адил байх агуулгатай. Тоологдох үнэ цэн нь сонгогч бүр адил тооны санал өгөх утгыг илэрхийлэх бол амжилт олох үнэ цэн нь сонгогчийн өгсөн санал суудалд хөрвөхөд адил нөлөөтэй байх утгатай. Хувь тэнцүүлэн төлөөлөх аргын хувьд сонгогчийн өгсөн нийт саналын амжилт олох үнэ цэн адил байхыг шаардах ч босго тогтоосноор саналын амжилт олох үнэ цэнд ялгаа үүссэн байна. Гэвч энэхүү ялгаа нь зохих үндэслэлтэй байх бөгөөд эрх зүйн тодорхой байдал, тохирсон байх зарчимд нийцжээ.

Тус хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.2 дахь заалтаар нам нийт саналын 4 хувь, 74.2.3 дахь заалтаар хоёр намын эвсэл нийт саналын 5 хувь, 74.2.4 дэх заалтаар гурав, эсхүл түүнээс дээш намын эвсэл нийт саналын 7 хувиас доошгүй санал авсан тохиолдолд суудлыг хувь тэнцүүлэн хуваарилахаар заасан нь хоёрдмол утгагүй, тодорхой байх бөгөөд үүний үр дагаврыг сонгогч, нам, эвсэл, нэр дэвшигч урьдчилан таамаглаж, зан үйлээ нийцүүлэх боломжтой байна.

Тохирсон байх зарчмын дагуу үндсэн эрхэд тавих хязгаарлалт нь хууль ёсны зорилгод хүрэхэд уялдаатай, зайлшгүй, тэнцвэртэй байх шалгуурыг хангах ёстой.

Хувь тэнцүүлэн төлөөлөх арга нь суудлын эзлэх хувийг янз бүрийн нам, эвсэлд өгсөн саналын эзлэх хувьтай аль болох ойртуулдаг тул бага санал авсан олон нам суудал авах, Улсын Их Хуралд олонх бүрдэхгүй болох, улмаар Засгийн газрыг эмхлэн байгуулах, хууль батлах, хуулийн биелэлтийг хянан шалгах зэрэг чиг үүргээ хэрэгжүүлэх чадваргүй болох эрсдэлтэй. Энэ эрсдэлийг бууруулах үүднээс босго тогтоон тухайн босгыг даваагүй нам, эвсэлд суудал хуваарилаагүй нь хэт олон нам суудал авахаас сэргийлэх, Улсын Их Хурал чиг үүргээ үр нөлөөтэй хэрэгжүүлэх нөхцөлийг бий болгоход чиглэсэн байна. Түүнчлэн эвсэлд намынхаас өндөр босго тогтоосон нь намын босгын нөлөөг сулруулахгүй байх, нам хэт хуваагдахаас сэргийлэх нэмэлт зорилгод үйлчилж байна.

Нам, эвсэлд тавих одоогийн босго нь саналын амжилт олох үнэ цэнийг хамгийн бага алдагдуулсан байх тул зайлшгүй байх шалгуур хангагдсан байна. Монгол Улс хувь тэнцүүлэн төлөөлөх аргыг 1990, 2011, 2015 онд хуульчлахдаа нам, эвслийн босгыг ялгалгүйгээр 5 хувь байхаар тогтоож байжээ. 2023 онд намын босгыг 4 хувь болгон бууруулж, эвслийн босгыг өндөрсгөсөн бөгөөд бусад ардчилсан улсад намын босгыг 3-5 хувиар тогтоох нь үр дүнтэй, зохистой түвшинд тооцогддог байна. Хоёр намын эвсэлд 5 хувийн босго тогтоосон нь өмнөх хуулиар нам, эвсэлд тавьж байсантай адил байх бөгөөд нэг намд тавих одоогийн босгоос ганц хувиар илүү байна. Гурав, эсхүл түүнээс дээш намын эвсэлд 7 хувийн босго тогтоосон нь намд тавих босгоос 3 хувиар, хоёр намын эвсэлд тавих босгоос 2 хувиар илүү байна. Бусад улстай харьцуулахад эвсэлд тавих эдгээр босго нь хамгийн бага түвшинд байна.

Босго тогтоосон зохицуулалт нь тэнцвэртэй байх шалгуурыг хангасан байна. Тодруулбал, Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд 19 нам, 2 эвсэл оролцсоноос намд тавих 4 хувийн босгыг 4 нам, хоёр намын эвсэлд тавих 5 хувийн босгыг 1 эвсэл хангаж суудал хуваарилсан байна. Ийнхүү хэт олон нам, эвсэл суудал аваагүй нь нам хуваагдах, намын босгын нөлөөг сулруулахаас сэргийлэх, Улсын Их Хурал чиг үүргээ үр нөлөөтэй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Энэ нөхцөл нь босго даваагүй нам, эвсэлд өгсөн саналын амжилт олох үнэ цэнийг алдагдуулсан сөрөг үр дагавраас илүү чухал байна. Түүнчлэн одоогийн босго нь хэт өндөр биш тул өрсөлдөх чадвартай нам, эвсэл суудал авах боломжийг хаагаагүй, нам болон эвслийн босго хооронд хол зөрүү үүсгээгүй байна.

2.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.2 дахь заалт нь эрх зүйн тодорхой байдал, тохирсон байх зарчмыг хангаж байна.

Тус заалт нь босго даваагүй нам, эвслийн авсан нийт саналын хувийг босго давсан нам, эвсэлд тэнцүү хэмжээгээр хуваан тус бүрийн авсан саналын хувь дээр нэмж тооцохоор хоёрдмол утгагүй ойлгогдож байх тул түүний үр дагаврыг сонгогч, нам, эвсэл, нэр дэвшигч урьдчилан таамаглаж, үйл ажиллагаагаа нийцүүлэх боломжтой байна. Иймд энэ зохицуулалт нь эрх зүйн тодорхой байдлыг хангаж, эрх бүхий этгээд үзэмжээрээ, эсхүл дур мэдэн тооцоолох эрсдэлийг бууруулжээ.

2023 онд сонгуулийн холимог тогтолцооны зэрэгцээ тогтолцоог хуульчилж, нийт гишүүний 62 хувийг олон мандаттай, бүсчилсэн 13 тойргоос сонгохоор зохицуулсан байх тул олныг төлөөлөх аргын нөлөө өндөр байна. Энэ нь их санал авсан намд давуу байдал үүсгэх төдийгүй хувь тэнцүүлэн төлөөлөх сонгуулийн саналын босгын нөлөөг ихэсгэхээр байна. Иймд босго даваагүй нам, эвсэлд өгсөн саналын хувийг босго давсанд нь тэнцүү хэмжээгээр хуваан нэмж тооцох нь бага санал авсан намд илүү ашигтай тул одоогийн холимог тогтолцооны олныг төлөөлөх аргын өндөр нөлөөг бууруулах, тэнцвэржүүлэхэд үйлчилж байна.

Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгохоор хуульчилсан учраас босго даваагүй нам, эвсэлд өгсөн саналд дүйцэх үлдсэн суудлыг заавал хуваарилах бөгөөд ийнхүү хуваарилах хоёр загвар байна. Тухайлбал, босго даваагүй нам, эвсэлд өгсөн саналын хувийг босго давсанд нь тэнцүү хэмжээгээр, эсхүл хувь тэнцүүлэн хувааж нэмэх загвар байна. Хувь тэнцүүлэн хувааж нэмэх загвар нь олныг төлөөлөх аргын өндөр нөлөөг нэмэгдүүлэх, их санал авсан намын давамгайллыг хадгалах, шийдвэр гаргах түвшинд нам, нийгмийн бүлгийн оролцоог хумих, парламентын төлөөлөх чадамжийг бууруулахаар байна. Энэ хоёр загварын алийг нь хэрэглэснээс үл хамааран саналын амжилт олох үнэ цэнийг ноцтой алдагдуулаагүй тул зайлшгүй байх шалгуур зөрчигдөөгүй гэж үзнэ.

Босго даваагүй нам, эвсэлд өгсөн саналын хувийг босго давсанд нь тэнцүү хэмжээгээр хувааж нэмэх нь хувь тэнцүүлэн хувааж нэмэх зохицуулалттай харьцуулахад их санал авсан намд ногдох суудлын тоог бууруулахаар байна. Гэвч бага санал авсан намд хуваарилах суудлын тоог зохистойгоор нэмэгдүүлэх замаар олныг төлөөлөх болон хувь тэнцүүлэн төлөөлөх аргын нөлөөг тэнцвэржүүлэх ашиг сонирхол нь их санал авсан намд үүсэх сөрөг үр дагавраас илүү чухал юм. Түүнчлэн их санал авсан намын анхны саналын хувиас бууруулалгүйгээр суудлыг хуваарилсан байх бөгөөд тус зохицуулалтын улмаас үүсэх суудлын зөрүү нь харьцангуй бага байх тул тэнцвэртэй байна.

Босго даваагүй нам, эвсэлд өгсөн саналын хувийг босго давсанд нь тэнцүү хэмжээгээр хуваан нэмэх нь сонгогчийн саналыг бусдад шилжүүлээгүй, харин үлдсэн суудлыг хуваарилахад уг саналын хувийн нөлөөг хэрэглэсэн байна. Иймээс сонгогч өөрийн саналыг аливаа этгээдээр төлөөлүүлэхгүйгээр өөрөө биечлэн гаргах агуулгыг өөрчлөөгүй тул шууд сонгох эрхийг хөндөөгүй байна.

3.Тус хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.3, 74.3.4, 74.3.5 дахь заалтад их үлдэгдлийн зарчим, Харе-ийн аргыг ашиглан босго давсан нам, эвсэлд суудлыг хуваарилахаар зохицуулсан нь суудал хуваарилах аргыг нэг мөр болгох замаар эрх зүйн тодорхой байдлыг хангахад үйлчилж, олон улсын сайн туршлагад нийцсэн байх бөгөөд үндсэн эрхийг хязгаарласан шинжгүй байна.

4.Тус хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.1 дэх заалтад Улсын Их Хурлын 78 гишүүнийг олныг төлөөлөх аргаар сонгох тойрогт ногдох нийт мандатын 50, эсхүл түүнээс дээш хувьд нь нэр дэвшүүлсэн байх нэмэлт шаардлагыг хуульчилжээ. Гэтэл уг шаардлагыг сонгуулийн санал хураалт дууссаны дараа суудал хуваарилах үед хэрэглэгдэхээр заасан байна. Үүний улмаас хэдийгээр босгыг давсан ч уг шаардлагыг хангаагүй тохиолдолд тухайн нам, эвсэлд суудал хуваарилагдахгүй байх төдийгүй энэ нь бусад нам, эвсэлд өгөх боломжтой байсан саналын тоог бууруулахад нөлөөлж, тэдгээр саналыг үнэгүйдүүлэх үр дагавартай байгааг тэмдэглэж байна.

Санамж: Энэхүү тоймыг олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэсэн тул Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 09 дүгээр дүгнэлтийг орлохгүй бөгөөд тус дүгнэлтийг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.

                                                          Дунд суудлын хуралдааны илтгэгч гишүүн