Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн дунд суудлын хуралдаанаас гаргасан 04 дүгээр дүгнэлтээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна.” гэж заасны “… 4 жил …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр … зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэснийг зөрчсөн гэж үзэж, уг заалтыг мөн өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
1992 оны Монгол Улсын Үндсэн хуулиар парламентын тогтолцоог бий болгосон бөгөөд парламентын тогтолцоо нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд багтаж хамгаалагдана. Тиймээс Монгол Улсын Засгийн газар нь ардчилсан сонгуулиар бүрэлдсэн Улсын Их Хурлын олонхын итгэл дээр тулгуурлан оршино. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийг иргэд ардчилсан сонгуулиар шууд сонгох боловч тэрээр төрийн тэргүүн, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч бөгөөд төрийн эрх мэдэл хоорондын хяналт, тэнцлийг хангахад туслах чиг үүргийг гагцхүү үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлнэ.
Үндсэн хуулиар парламентын тогтолцоог сонгож, төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван салаанд хуваарилж харилцан хяналт, тэнцлийн үндсийг тавьсан боловч түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим асуудал үүссэн байна. Тухайлбал, Үндсэн хуульд заасан хүрээнээс хальсан бусад бүрэн эрхийг Ерөнхийлөгчид олгох болсон нь түүний нөлөөллийг хүчтэй болгож гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх эрх мэдлийн олон асуудалд хөндлөнгөөс оролцох болж, хяналт, тэнцэл алдагдахад хүргэсэн гэж дүгнэсэн байна. Түүнчлэн 1992 оны Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Ерөнхийлөгчөөр 4 жилийн хугацаагаар сонгохоор, Гучин нэгдүгээр зүйлийн 7 дахь хэсэгт Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болохоор заасан байжээ. Үүний улмаас дахин сонгогдохын тулд өөрийн бүрэн эрхийг хэтрүүлж, төрийн бусад дээд байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрсдэлийг бий болгосон гэж үзжээ.
Дээрх үндэслэлээр 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх зүйн байдал, эрх хэмжээг парламентын тогтолцоотой улсын жишигт нийцүүлэн зарим өөрчлөлт, хязгаарлалтыг тусгасан байна. Тухайлбал, Ерөнхийлөгчөөр сонгогдох насны доод хязгаар 45 байсныг 50 болгон нэмэгдүүлж, 4 жилийн хугацаагаар, нэг удаа улируулан сонгох боломжтой байсныг “зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа” сонгох буюу дахин сонгогдохгүй болгож өөрчилсөн байна. Түүнчлэн Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно.” гэж өөрчлөн найруулжээ.
1992 оны Үндсэн хууль нь ардчилсан дэглэм тогтоох ард түмний эрх мэдлийг хэрэгжүүлсний үр дүн, хүсэл зоригийнх нь илэрхийлэл тул хууль зүйн хамгийн дээд хүчин чадалтай бөгөөд эрэмбийн хувьд Монгол Улсад үйлчлэх хамгийн дээд хууль юм. Үндсэн хуулиар ардчилсан нийгмийн үнэт зүйлийг хамгаалж, төрийн байгууллын болон бусад суурь асуудлыг шийдвэрлэж, тогтоодог учраас түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах журам нь ердийн хууль батлах журмаас илүү өндөр босго, шаардлагыг хангах бөгөөд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байна. Иймээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагаас гаргасан аливаа эрх зүйн акт Үндсэн хууль болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд бүрнээ нийцсэн байвал зохино. Тухайлбал, хууль тогтоогч анхнаасаа Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцээгүй хууль тогтоомжийг батлахгүй байх негатив үүрэгтэй төдийгүй өмнө нь батлагдаж хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийг тэдгээрт нийцүүлэх позитив үүргийг хүлээнэ.
2019 оны Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “… Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийж дуусгана.” гэж заасан бөгөөд түүний 4 дүгээр зүйлд “Энэ хууль … Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн нэгэн адил хүчинтэй.” гэжээ. Үүнээс үзэхэд, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарь нь уг нэмэлт, өөрчлөлтийн нэгэн адил хүчинтэй хуулийн дагуу батлагдсан тул тус хуваарьт заасан чиглэлийн дагуу холбогдох хууль тогтоомжийн төслийг өргөн мэдүүлж, тогтоосон хугацаанд багтаан батлахыг мөн Үндсэн хуулиар үүрэгжүүлсэн гэж ойлгоно. Иймээс уг хугацаанд багтаан хууль тогтоомжийг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлээгүй эс үйлдэхүй гаргаж болохгүй.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн дагуу Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарьт Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай /Шинэчилсэн найруулга/ болон дагалдах бусад хуулийн төслийг 2020 онд багтаан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан. Мөн Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд эдгээр хуулийн төслийг 2021 онд багтаан өргөн мэдүүлэхийг Засгийн газарт дахин даалгасан байна. Хуулийн төслийг боловсруулахдаа “Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавих шаардлага, бүрэн эрхийн хугацаатай холбоотой зохицуулалтыг болон зөвхөн … Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийнх нь хүрээнд тодорхой бүрэн эрх олгох асуудлыг … Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх” чиглэлийг Засгийн газарт өгсөн байна.
Засгийн газар дээр дурдсан Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоол, 2021 оны 12 дугаар тогтоолын биелэлтийг одоо болтол хангаагүй байх тул Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтад заасан хуулийг биелүүлэх үүргээ зөрчиж, “Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах;” үндсэн бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй байна. Учир нь Засгийн газар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай болон дагалдах бусад хуулийн төслийг боловсруулж, 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэн, өргөн мэдүүлэхээр тогтсон боловч өнөөдрийг хүртэл буюу 6 жилийн турш өргөн мэдүүлээгүй, Улсын Их Хурлын тогтоолоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Түүнчлэн Засгийн газар өөрийн 2024 оны 181 дүгээр тогтоолоор хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг баталсан боловч дээрх хуулийг 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх талаар тусгаагүй байна.
2020 онд нэр бүхий иргэдээс Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байхаар заасан нь Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр … зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэснийг зөрчсөн тухай мэдээлэл ирүүлж байжээ. Энэ мэдээллийг Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2020 оны 2/495 дугаар албан бичгээр Улсын Их Хуралд шилжүүлж, Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолын хавсралтаар баталсан хуваарийн дагуу маргаан бүхий хуулийн заалтыг Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт нийцүүлэх шаардлагатай тухай тэмдэглэсэн байна.
Улсын Их Хурал Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай болон дагалдах бусад хуулийн төслийг 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн батлаагүй байх тул Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан позитив үүргээ одоог хүртэл буюу 7 жил биелүүлээгүй гэж үзэхээр байна. Түүнчлэн Улсын Их Хурал өөрийн баталсан 2020 оны 02 дугаар тогтоол, 2021 оны 12 дугаар тогтоолын биелэлтийг хянан шалгах бүрэн эрхээ хангалттай хэрэгжүүлээгүй байна. Тухайлбал, 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд холбогдох хуулийн төслийг нийцүүлэн боловсруулж, өргөн мэдүүлэх талаар албан бичгийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос 2020-2021 онд Засгийн газарт 5 удаа хүргүүлсэн байх боловч үүнээс өөр, илүү идэвхтэй арга хэмжээ аваагүй байна. Мөн Улсын Их Хурал 2021 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай болон дагалдах бусад хуулийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх талаар санаачилга гаргасан эсэх нь тогтоогдоогүй болно.
Дээрхээс үзэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байхаар заасан нь Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр … зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэснийг илт зөрчсөн байна. Үндсэн хуулийн энэхүү зөрчил нь Засгийн газар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай болон дагалдах бусад хуулийн төслийг 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлээгүй, Улсын Их Хурал эдгээр хуулийг батлаагүй, мөн өөрийн баталсан хуваарийн биелэлтийг хянан шалгах арга хэмжээ хангалттай аваагүй эс үйлдэхүйгээс үүдэн бий болсон байх тул хууль дээдлэх ёс, Үндсэн хуульд нийцсэн байх зарчмыг зөрчсөн байна.
Дунд суудлын хуралдааны илтгэгч гишүүн
Санамж: Энэхүү тоймыг олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэсэн тул Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг орлохгүй бөгөөд тус дүгнэлтийг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.