Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.05.28)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн энэ оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв.
Дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан танилцууллаа.
Монгол Улсын иргэн Д.Отгонбат Үндсэн хуулийн цэцэд хандан ирүүлсэн мэдээлэлдээ Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж өөрчлөн найруулсан боловч Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна.” гэж заасныг уг нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн өөрчлөөгүй байна гэжээ.
Иргэний энэхүү мэдээлэл үндэслэлтэй гэж Үндсэн хуулийн цэц энэ сарын 08-нд хийсэн дунд суудлын хуралдаанаараа шийдвэрлэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн байна гэж дүгнэсэн байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн дээрх заалтыг мөн өдрөөс эхлэн түдгэлзүүлжээ. Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцууллаа. Тус байнгын хорооны хуралдаанаас дүгнэлтийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг, П.Сайнзориг, Б.Баярбаатар, Дам.Цогтбаатар нар үг хэлж, хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэх талаар Улсын Их Хурал, Засгийн газар хангалтгүй ажиллаж байгаа талаар байр сууриа илэрхийлсэн байна. Санал хураалт явуулахад Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 61.1 хувь нь дэмжжээ.
Мөн дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир танилцуулсан юм. Тус Байнгын хорооны хуралдаанд Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилласан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир оролцож, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг танилцуулжээ. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Л.Гантөмөр, О.Алтангэрэл нар үг хэлж, байр суурь илэрхийлсэн байна.
Байнгын хорооны хуралдаанд оролцогчдын гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзжээ. Байнгын хороодын санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Б.Батбаатар, Д.Энхтүвшин, А.Ариунзаяа, П.Сайнзориг, О.Алтангэрэл, Х.Баасанжаргал, Л.Мөнхбаатар, Б.Жаргалан, Х.Тэмүүжин, Н.Алтанхуяг нар асуулт асууж, үг хэлэв.
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.05.28) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна.” гэж заасны “… 4 жил…” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэснийг зөрчсөн байна гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Байнгын хороодын саналыг дэмжье” гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 56.9 хувь нь дэмжлээ.
Санал дэмжигдсэн тул энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталсанд тооцов.
Эх сурвалж: parliament.mn Холбоос