Оюутнууд Үндсэн хуулийн эрх зүйгээр мэтгэлцэж байна

  • Post author:

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Их сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн хамтран Үндсэн хуулийн эрх зүйгээр оюутнуудад зориулсан мэтгэлцээний тэмцээн зохион байгуулж байна.

Мэтгэлцээний зорилго нь оюутнуудад Үндсэн хуулийн талаарх мэдлэг, ойлголтыг гүнзгийрүүлэх, олон нийтэд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны ач холбогдлыг сурталчлан таниулахад оршино.

Энэхүү мэтгэлцээнийг өнгөрсөн жил анх удаа амжилттай зохион байгуулсан бөгөөд цар хүрээг нь тэлж, ахисан түвшинд уламжлал болгон энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулж байна.

МУИС-ийн Хууль зүйн сургууль, Дотоод хэргийн их сургууль, “Их засаг” их сургууль, “Шихихутуг” их сургууль, “Отгонтэнгэр” их сургууль болон Санхүү, Эдийн засгийн их сургуулийн багууд, зөвлөх багшийн хамт оролцов.

Мэтгэлцээний шигшээ тэмцээн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн ордонд болно.