“Үндсэн хуулийн шинэтгэл ба Үндсэн хуулийн хяналтын байгууллагын хөгжлийн тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын бага хурал болж байна

  • Post author:

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Үндсэн хуулийн шүүх байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан “Үндсэн хуулийн шинэтгэл ба Үндсэн хуулийн хяналтын байгууллагын хөгжлийн тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын бага хурал 2025 оны 11 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Ташкент хотноо зохион байгуулагдаж байна.

Олон улсын хурлыг Бүгд Найрамдах Узбекистан Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга М. Абдусаломов нээж, баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Уг хуралд Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүхийн ерөнхийлөгч, Тайландын Хаант Улсын Үндсэн хуулийн шүүхийн ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга, мөн ОХУ, Индонез, БНСУ, ХБНГУ, Казахстаны Үндсэн хуулийн шүүхийн шүүгч зэрэг төлөөлөгчид оролцож байна.

Тус хурлын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г. Баясгалан, Цэцийн Тамгын газрын Ёслол, гадаад харилцааны хэлтсийн дарга Г. Билгүүн нар цахимаар оролцов.

Энэхүү арга хэмжээний үеэр Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн даргалагчийн эрхийг Тайландын Хаант Улсын Үндсэн хуулийн шүүхээс Бүгд Найрамдах Узбекистан Улсын Үндсэн хуулийн шүүхэд албан ёсоор шилжүүлэн өгөх ёслолын ажиллагаа боллоо.

Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийг анхлан санаачлагчдын нэг бөгөөд 2010 онд бүрэн эрхт гишүүн болсон юм. Уг нийгэмлэг одоогийн байдлаар 21 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Дашрамд дурдахад, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц уг нийгэмлэгийг 2021-2023 онд даргалсан билээ.