Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн дэлхийн дахины 6 дугаар их хурал боллоо

  • Post author:

Испанийн Хаант Улсын Үндсэн хуулийн шүүх болон Европын Зөвлөлийн Венецийн Комисс хамтран 2025 оны 10 дугаар сарын 28-наас 30-ны өдрүүдэд Испанийн Мадрид хотод “Ирээдүй хойч үеийн хүний эрх” сэдвийн дор Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн Дэлхий дахины 6 дугаар Их хурлыг зохион байгууллаа.

Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн Дэлхий дахины Их хурлын гишүүн 125 улсаас 88 улсын Үндсэн хуулийн шүүх болон түүнтэй адилтгах байгууллагуудын шүүгчид гурван өдрийн турш туршлагаа хуваалцаж, Үндсэн хуулийн шүүх болон түүнтэй адилтгах байгууллагуудын хараат бус байдал, байгалийн баялаг, хүрээлэн буй орчныг хамгаалах, хүн төрөлхтний соёлын өвийг хадгалах, шинжлэх ухааны мэдлэг болон шинэ технологид хүртээмжтэй нэвтрэх талаарх салбар хуралдаанаар ирээдүй үеийнхний эрхийг хамгаалахад тулгарч буй бэрхшээл, боломжуудын талаар хэлэлцэв.

Уг Их хурлаас Дэлхийн Үндсэн хуулийн шүүхүүд улс төрийн бүлэглэл, эрх бүхий байгууллага болон бусад этгээдээс хараат бус байдалд нь нөлөөлөхийг оролдож буй бодит сорилтуудтай тулгарч байгаа талаар болон олон нийтийн сүлжээг ашиглах, үзэн ядалтын үг хэллэг түгээх, шууд дайралт хийх, шүүгчдийг огцруулах оролдлого (хууль гаргах замаар эсхүл шууд аргаар), олон нийтийн итгэлийг сулруулах чиглэлээр Үндсэн хуулийн шүүгчдийн эсрэг кампанит ажлуудыг явуулах зэрэг хараат бус байдалд нь нөлөөлөхөөр оролдож буй хэлбэрүүдийн талаар танилцуулсан байна.

Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн Дэлхий дахины 6 дугаар Их хурлаас Мадридын албан мэдэгдлийг гаргалаа. Үүнд:

  • Үндсэн хуулийн шүүхийн хараат бус байдалд учирч буй аюул занал нь таамаг төдий, эсхүл ганц нэг тохиолдол биш бөгөөд улс төрийн оролцоотой шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг удаашруулах, олон нийтийн итгэлийг сулруулах зорилготой кампанит ажил явуулах, төсөв болон хууль, журмын хязгаарлалтаар дамжуулан Үндсэн хуулийн хяналтыг сулруулах оролдлого хийж байна.
  • Үндсэн хуулийн шүүх зөвхөн бие даасан, хараат бус байдал нь бүрэн баталгаажсан нөхцөлд л үүргээ төгс гүйцэтгэж чадна. Энэхүү бие даасан, хараат бус байдал нь өөрөө туйлын зорилго бус, харин хууль дээдлэх ёсыг эрхэмлэдэг ардчилсан улсад иргэний үндсэн эрхийг хамгаалах болон төрийн эрх мэдлийн тэнцвэрийг хангах, Үндсэн хуулийн дээд хүчин чадлыг баталгаажуулах зайлшгүй нөхцөл юм.
  • Үндсэн хуулийн шүүгчдийн хараат бус байдлыг аливаа хөндлөнгийн оролцоо, дарамтаас үл хамааран хамгаалах ёстой бөгөөд энэ талаар тус тусын улсын хуулийн дагуу хамтран ажиллаж, харилцан эв нэгдэлтэй байх; Үндсэн хуулийн шүүх нь ардчилсан ёсны тогтвортой байдал, хөгжил дэвшлийн тулгуур багана байсаар ирсэн бөгөөд ардчилал, хүний эрхийг хамгаалах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах аливаа арга хэмжээ, үйлдлийг няцаах нэгдсэн байр суурийг илэрхийлж байна.
  • Үндсэн хуулийн шүүхийн эсрэг аливаа үйл ажиллагаа нь хууль дээдлэх ёсыг үгүйсгэж, олон нийтийн итгэлийг бууруулдгийг тэмдэглэж байна. Үндсэн хуулийн шүүхийн хүлээн зөвшөөрөгдөх чанар нь Үндсэн хуулиар олгосон мандат, хууль ёсны зарчмыг үндэслэх, маргаан шийдвэрлэх ажиллагааны ил тод байдал болон улс төрийн хувьд тааламжгүй байсан ч Үндсэн хуульд нийцүүлэн шийдвэр гаргах зориг зэрэгт суурилна.
  • Үндсэн хуулийн шүүхийн бие даасан байдал нь давуу эрх биш, харин хүн бүхний эрхийн хамгаалалт бөгөөд хүний эрхийг ямар нэг айдаст автаж, давуу тал олгохгүйгээр хангах баталгаа юм. Энэ нь хараат бус байдлыг хангахад шаардагдах нөөцийг бүрдүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хамгаалалтыг бий болгож, институци хоорондын харилцан хүндэтгэлийг эрхэмлэхийг шаардана.
  • Үндсэн хуулийн шүүх өөрийн шийдвэрээр Үндсэн хуулийг тайлбарлаж, эрх зүйн зарчмуудыг хөгжүүлж, сонгуулийн мөчлөг, улс төрийн хөтөлбөрөөс ангид, урт хугацаанд орших эрх зүйн бат бөх үндсийг бүрдүүлдэг болохыг тус тус мэдэгдсэн байна.

Тус Их хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Э.Энхтуяа нар оролцлоо.