Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, “Чимид сан” ТББ, Сонгуулийн ерөнхий хороо, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн хамтран төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн “Сонгуульд суралцахуй” номын уншлагыг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Арга хэмжээг Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан нээж үг хэлэхдээ ““Сонгуульд суралцахуй бүтээл нь Монгол Улсад сонгуулийн тогтолцоо үүсэж хөгжсөн үе шатаас эхлэн орчин цагийн сонгуулийн цөм асуудлуудыг хөндөн, тэдгээрийн эрх зүйн учир холбогдлыг тайлбарлажээ. Уг номын өмнөтгөлд “сонгогч түмэн, сонгуулийн болон түүнд оролцогч байгууллагын ажилтан нарт гарын авлага маягтай юм бичиж байгаа болохоор хувийн үзлээ тулгах бус, хуулийн заалтыг онолын үндэстэй зөв тайлбарлахыг хичээв” гэсэн байна. Улмаар хууль боловсруулахдаа үзэгдлийн учир утга, нийгмийн харилцааны жам ёс, ажил хэргийн бодит хэрэгцээг гүнзгий илэрхийлж аль болохоор оносон үг хэрэглэж ойлгомжтойгоор зураглан найруулж, учир шалтгааны уялдаатайгаар барьцалдуулан бичих нь чухал байдаг гээд ухаж тайлахад бүү хэл уншихад төвөгтэй өгүүлбэр цөөнгүй байна хэмээжээ.
“Б.Чимидийн уншлага”-ыг зохион байгуулснаар уншихгүйгээр таамгаар ярих, уншсан ч ухаж ойлгохгүйгээр гуйвуулах явдал багасаж түүний шинжлэх ухаанч өвийг хадгалах, үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд түлхэц үзүүлэх нь гарцаагүй.Улмаар Үндсэн хуулийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, Үндсэн хуульт ёсыг төлөвшүүлэхэд нэн чухал хувь нэмэр болно” хэмээн онцлон тэмдэглэв.

Мөн Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир ““Сонгуульд суралцахуй” бүтээлийг нэг удаа судалж, хэлэлцээд өнгөрөх биш цаашид ч бүх нийтийн хүртээл, судалгааны эх сурвалж болгон сонгуулийн эрх зүй, сонгуулийн процессын эрх зүйн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг нэмэгдүүлэх, мэргэшсэн судлаач бэлтгэх, түүнд шаардлагатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, энэ чиглэлээрх эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг судалгаа, шинжилгээний эргэлтэд оруулах, судлаачдыг идэвхжүүлэх, сонгогчдод сонгуулийн болон эрх зүйн боловсрол олгох зорилгоор Сонгуулийн ерөнхий хороо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Үндэсний номын сантай хамтран Үндэсний номын санд “Сонгуулийн боловсрол, эрх зүйн уншлагын танхим” нээн ажиллуулж байна. Уншлагын танхимаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит болгож байгаагаа Та бүхэнд дуулгахад таатай байна.
Сонгогч бүрд нээлттэй байх уг уншлагын танхимд Б.Чимид багшийн “Сонгуульд суралцахуй” бүтээлээс эхлээд сонгуультай холбоотой бүхий л ном товхимол, эмхэтгэл, дата мэдээлэл болон санал тоолох төхөөрөмж байршуулсан бөгөөд Та бүхний эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлээр баяжна гэдэгт эргэлзэхгүй байна.” гэсэн юм.
Номын уншлагын үеэр дараах илтгэлүүдийг хэлэлцүүлэв:
• Хууль зүйн доктор, профессор Д.Солонго “Сонгуулийн эрх зүйн үндсэн асуудалд”;
• Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга асан Ж.Сүхбаатар “Сонгуулийн байгууллага”;
• МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн дэд профессор, улс төр судлалын доктор Э.Гэрэлт-Од “Нам сонгуульд оролцох тухай”;
• “Нээлттэй нийгэм форум”-ын Засаглалын хөтөлбөрийн менежер, улс төр судлаач Д.Энхцэцэг “Сонгуулийн сурталчилгаа, санхүүжилт”;
• “Сонгогчдын боловсрол төв” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Оюунтуяа “Сонгогчийн боловсрол чухал болох нь”;
• Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ “Сонгуулийн маргаан хянан шийдвэрлэх хэргийн харьяалал”.
Эдгээр илтгэлтэй холбогдуулан 20 гаруй эрдэмтэн, судлаач санал дүгнэлтээ танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Уншлагыг Үндсэн хуулийн цэцийн гишүүн, хууль зүйн доктор, дэд профессор Ж.Эрдэнэбулган, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал, хууль зүйн доктор, профессор Х.Сэлэнгэ, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Д.Баяндүүрэн нар чиглүүлэн удирдсан бөгөөд Үндсэн хуулийн цэцийн гишүүд, төр, нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн судлаачдын төлөөлөл, бусад зочид өргөнөөр оролцов. Хүндэт зочноор Б.Чимид агсны гэргий Б.Цээрэгзэн, охин Ч.Сайнсанаа (“Чимид сан” ТББ-ын тэргүүн) нар хүрэлцэн ирсэн юм.
Анх 2008 онд хэвлэгдсэн “Сонгуульд суралцахуй” номыг дахин хэвлэж, энэхүү арга хэмжээний үеэр олны хүртээл болгосон нь онцлох ач холбогдолтой үйл явдал боллоо. “Номын уншлага” арга хэмжээг Үндсэн хуулийн цэцээс санаачлан өнгөрсөн жил Б.Чимидийн “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” номын агуулгаар анх удаа зохион байгуулсан бол энэ жил “Сонгуульд суралцахуй” номыг сонгож уламжлал болгон зохион байгуулж буй нь энэ юм.