Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы 2025.09.23-ны өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн энэ оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Тус дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан танилцууллаа.
Дүгнэлтэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад прокурор, оролцогчийн гаргасан саналыг харгалзан шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч … баривчлах, хорих, … эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. … Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. …”, мөн зүйлийн 14 дэх заалтад “… шударга шүүхээр шүүлгэх … эрхтэй. …”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн байна гэжээ. Харин уг хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “… энэ зүйлийн … 1.5, …-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авна.” гэж, 14.10 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийг цагдан хорьсон хугацаа нь энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хугацаанд хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13, 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй байна гэж дүгнэжээ.
Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулав. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд цагдан хорих үндэслэлийг тодорхой заасан талаар дурдаж, эдгээр үндэслэлийг илүү тодорхой болгох шаардлагатай гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн юм.
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы 2025.09.24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ.