Үндсэн хуулийн цэцээс Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтад цагдаагийн албан хаагчийг үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг сурталчлах, дэмжлэг үзүүлэхийг хориглохоор зохицуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхлын үүднээс олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн гэж үзэж 2024 оны 02 дугаар дүгнэлтийг гаргасан юм.
Улсын Их Хурал уг дүгнэлтийг хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж 2024 оны 60 дугаар тогтоолыг гаргасан тул уг маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Цэцийн их суудлын хуралдаан 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр боллоо.
Уг хуралдаанаас Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийн 69.1.8 дахь заалт нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтыг зөрчсөн тул хүчингүй болгож, эцэслэн шийдвэрлэв.
Мөн Монгол Улсын Их Хурлын 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” 60 дугаар тогтоолыг хүчингүй болголоо.
Хуваалцах: