Цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа

  • Post author:

     Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэг, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.1, 34.4.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр боллоо. 

     Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Ч.Лодойсамбуу, П.Эрхэмбаяр нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй болсон тул хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ Үндсэн хуулийн цэцэд холбогдох баримтын хамт ирүүлсэн байна.

    Цэц маргааныг бүрэн гүйцэт, бодитой хянан шийдвэрлэх, маргагч талуудын мэтгэлцэх боломжийг хангах үүднээс уг маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлуулж, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 9.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийхээр товлов. 

Хуваалцах:

Share on facebook
Share on twitter