“Монгол хүний эрх, эрх чөлөө: Үндэсний урлагийн түүхээр аялахуй” номын нээлт боллоо

  • Post author:

“Монгол хүний эрх, эрх чөлөө: Үндэсний урлагийн түүхээр аялахуй” номын нээлтийн арга хэмжээ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн ордонд боллоо.

Энэхүү бүтээлийг Монгол Улсын Үндсэн хуулийн амин сүнс болсон хүний эрх, эрх чөлөөний үзэл санааг дүрслэх урлагийн хэлээр олон нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй хүргэх мөн иргэдийн эрх зүйн мэдлэг, Үндсэн хуулийн үнэт зүйлсийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор бүтээжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Эрдэнэбулган арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Үндсэн хууль бол монгол хүн бүрийн тайван, эрх чөлөөтэй, эрх тэгш амьдрах баталгаа төдийгүй үндэстний зөвшилцлийн тунхаг болохыг хууль, урлагийн уялдаа холбоогоор илэрхийлсэн утга агуулгын хувьд онцгой бүтээл болсон гэдгийг онцлон тэмдэглэв.

Номыг бүтээх санаа Испани Улсын Үндсэн хуулийн шүүхээс эрхлэн гаргасан “Constitutional Rights: A Walk Through El Prado” бүтээлээс улбаатай аж. Тус номд хүний эрхийн үзэл санааг сонгодог уран зургуудаар дамжуулан тайлбарлаж, Үндсэн хуулийн үнэт зүйлсийг иргэдийнхээ зүрх сэтгэлд хүргэхийг зорьсон байдаг байна. Үүнээс санаа авч, Монголын үндэсний дүрслэх урлагийн сор бүтээлүүдээр дамжуулан Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, хүний эрх, эрх чөлөөний үнэ цэнийг тайлбарласан энэхүү номыг Үндсэн хуулийн цэцийн дарга асан Г.Баясгалангийн санаачилгаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэц “Гамма” агентлаг, Юнител группийн дэмжлэгтэйгээр хамтран бүтээсэн байна.

Арга хэмжээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүдээс гадна номыг хамтран бүтээсэн байгууллагуудын төлөөлөл, хууль тогтоох болон шүүх эрх мэдлийн байгууллагын төлөөлөгчид, хууль зүйн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын багш, эрдэмтэн, судлаачид бусад хүндэт зочид оролцлоо. .