ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн 35 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Үндсэн хуулийн хяналт ба орчин цагийн дэлхийн сорилтууд” сэдвийн дор Санкт-Петербург хотноо олон улсын бага хурал 5 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдлаа.
Тус хуралд 17 орны Үндсэн хуулийн шүүх болон түүнтэй адилтгах байгууллагуудын төлөөлөгчид оролцсон бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Болдбаатар нар оролцов.
Бага хуралд Оросын Холбооны Үндсэн хуулийн шүүхийн дарга Валерий Зорькин “Дэлхийн сорилтуудын нөхцөлд Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэх нь: Онол ба арга зүй” сэдэвт илтгэл тавилаа. Тэрээр хэлсэн үгэндээ “Үндсэн хууль нь хувь хүн , нийгэм, төрд өсөн нэмэгдэж буй аюул занал, шинэ сорилтуудаас хамгаалах механизмыг бий болгосон бөгөөд энэ механизм дахь Үндсэн хуулийн шүүхийн үүрэг, Үндсэн хуулийг хамгаалах хамгаалалтын арга хэмжээ нь зохистой боловч зайлшгүй шаардлагатай хэмжээнээс хэтрэхгүй, үр дүнтэй хэр нь хүнлэг, бага зэрэг хатуу боловч харгис биш, шударга ёсны хэмжүүрт нийцүүлэн хуулийн хүрээнд байхыг баталгаажуулахад шаардлагатай хяналтыг хангах явдал юм” гэжээ.
Энэхүү бага хуралаар “Геополитикийн өөрчлөлтийн хүрээн дэх Үндсэн хуулийн хяналт” , “Хүрээлэн буй орчны шинэ хүчин зүйлүүдэд үзүүлэх Үндсэн хууль, хууль эрх зүйн хариу арга хэмжээ” гэсэн үндсэн 2 сэдвээр хуралдаан болж, өөрчлөгдөж буй нийгэмд хууль эрх зүйн бодлого, хууль зүйн шинжлэх ухаан , хууль сахиулах байгууллагын тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэн харилцан туршлага солилцов.