Нэр дэвшигчийн сонсгол явуулахтай холбоотой маргааны тойм (Цэцийн тогтоол, 2026, №01)

  • Post author:

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн (цаашид “Үндсэн хуулийн цэц” гэх) 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн их суудлын хуралдаанаас гаргасан 01 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтын “Үндсэн хуулийн цэцийн гишүүн, …”, 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалтын “… эсхүл Улсын Их Хурал танилцах, зөвшилцөх, томилохоор хуульд заасан албан тушаалтны хувьд танилцах, зөвшилцөх, томилгооны сонсгол явуулахаар Улсын Их Хурлын 15-аас доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол.” гэж заасны “… танилцах, зөвшилцөх, … танилцах, зөвшилцөх, …” гэсэн заалт, мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсгийн “… энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. … нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш … тухайн тайлан, …” гэсэн заалтууд нь Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болсон заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн байх тул тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад “Үндсэн хуулийн цэцийн гишүүн, …”, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “… нэр дэвшигчийн сонсгол хийж …” , Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт “… энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. … нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш … тухайн тайлан, … Санал, дүгнэлтэд сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана.” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн; түүнчлэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалтад “… эсхүл Улсын Их Хурал танилцах, зөвшилцөх, томилохоор хуульд заасан албан тушаалтны хувьд танилцах, зөвшилцөх, томилгооны сонсгол явуулахаар Улсын Их Хурлын есөөс доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол.” гэж заасны “… танилцах, зөвшилцөх, … танилцах, зөвшилцөх, …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэж, Үндсэн хуулийн цэц 2024 оны 01 дүгээр тогтоолоор дээрх хуулиудын заалтыг хүчингүй болгосон байна.

Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон дээрх хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээж, Үндсэн хуулийн уг зөрчлийг арилгаагүй нь Үндсэн хуулийн шүүхийн шийдвэр эцсийн байх зарчим (res judicata)-ыг алдагдуулсан байна. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.” гэж, Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасны дагуу оруулсан дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн хуулийн цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргана.” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно.” гэж, Жаран долдугаар зүйлд “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно.” гэж, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг эс үйлдэхүйгээр зөрчсөн байна.

Иймд Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтыг Улсын Их Хурал агуулгаар нь дахин сэргээж, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Жаран дөрөвдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Санамж: Энэхүү тоймыг олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэсэн тул 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Үндсэн хуулийн цэцийн 01 дүгээр тогтоолыг орлохгүй бөгөөд тус шийдвэрийг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.

                                                   Их суудлын хуралдааны илтгэгч гишүүн