Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлнэ.”, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3, 7.4, 8 дугаар зүйлийн 8.1, 8.4, 8.6, 8.7 дахь хэсэгт “… Улсын дээд шүүх …”, мөн зүйлийн 8.2, 8.3, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “… Улсын дээд шүүхийн Тамгын газар …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “… шүүхэд гомдол гаргах, … шударга шүүхээр шүүлгэх … эрхтэй. …”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтад “хуулиар эрх олгосон бусад асуудлыг шийдвэрлэх.” гэж заасанд нийцээгүй гэж шийдвэрлэсэн.
Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн маргаан бүхий зохицуулалтаар мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх чиг үүргийг Монгол Улсын дээд шүүхэд олгосон. Шүүхийн үндсэн чиг үүргийн агуулгад харшлахуйц, гүйцэтгэх эрх мэдэлд хамаарах чиг үүргийг олгосон нь төрийн эрх мэдэл хуваарилах зарчим болон Үндсэн хуулийн зарим заалтыг тус тус зөрчсөн гэж үзэн Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргасан.
Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 5 дахь заалтад “хуулиар эрх олгосон бусад асуудлыг шийдвэрлэх.” гэж үндсэн хуулийн дэг журмыг бэхжүүлэх, шүүх эрх мэдлийн бие даасан байдлыг хангах, шүүн таслах үйл ажиллагааг үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай бөгөөд шүүх эрх мэдлийн цөмд харшлахгүй бүрэн эрхийг Улсын дээд шүүхэд хуулиар олгохыг зөвшөөрсөн байна. Гэвч уг заалтыг ямар нэг хязгааргүй хэрэгжүүлбэл Үндсэн хуулийн Гуравдугаар бүлэгт тогтоосон төрийн эрх мэдлийн хуваарилалт алдагдахад хүрнэ.
Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх чиг үүрэг нь Улсын дээд шүүхийн үндсэн бүрэн эрхтэй хамааралгүй байх тул шүүхийн үндсэн бүрэн эрхэд харшлахгүй байх зарчимд нийцсэн байхыг шаардана. Энэхүү зарчим нь Монгол Улсын Үндсэн хуулиас урган гарч буй зарчим бөгөөд шүүхэд олгосон чиг үүрэг нь “бусад эрх мэдлийн бүрэн эрх биш байх”, “шүүх хэрэгжүүлэхэд илүү зохимжтой байх”, “шүүхийн бие даасан байдлыг хангасан байх”, “шүүх үндсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх” зэрэг шалгуур тавигдана.
Төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэжлийн нэгдсэн холбоодын бүртгэл нь улсын эдийн засгийн бодлоготой холбоотой гэж үзэх үндэслэлтэй. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 10 дахь заалтын дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэл нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх ажлын хүрээнд багтдаг. Иймд мэргэжлийн нэгдсэн холбооны бүртгэл нь төрийн бодлого хэрэгжүүлэх, хуулийн биелэлтийг хангах гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүргийн хүрээнд хамаарч байх тул бусад эрх мэдлийн бүрэн эрх биш байх шалгуурыг хангахгүй байна.
Үндсэн хуулийн дэг журмыг бэхжүүлэх шаардлагын үүднээс бие даасан, тал үл харах шүүх эрх мэдлийн байгууллага хэрэгжүүлэх нь илүү зохимжтой чиг үүргийг Улсын дээд шүүхэд олгохыг Үндсэн хуулиар зөвшөөрсөн боловч мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх чиг үүрэг нь шүүх эрх мэдлийн байгууллага хэрэгжүүлэхэд зохимжтой чиг үүрэг биш байна. Учир нь шүүх эрх мэдлийн байгууллагаас гаргасан аливаа шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд үндэслэдэг. Харин хуулийн зохицуулалт тодорхойгүй байх нь бодлогын сонголт хийх буюу үзэмжээрээ шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэхтэй холбоотой зохицуулалт нь хуульд заасан шаардлагын аль нэгийг бодлогын хувьд сонгох боломжийг бүрдүүлсэн зохицуулалт байна. Тухайлбал, хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.1, 5.3.2 дахь заалтад мэргэжлийн нэгдсэн холбоонд тавигдах шаардлагыг тусгасан. Мэргэжлийн холбоодын олонхын төлөөлөл бүхий гишүүд үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтаар зах зээлийн 50-аас дээш хувийг эзлэх, эсхүл тэдгээрийн аль нэг шаардлагыг нь хангах, ямар хугацаанд хамаарах тоон мэдээллийг ашиглах нь тодорхойгүй байх тул эрх зүйн тодорхой байдлын зарчмыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй. Тиймээс зах зээлд эзлэх хувийг тогтоох зохицуулалт нь тодорхойгүй, хоёрдмол утгатай байхаас гадна шүүх эрх мэдлийн байгууллагад бодлогын сонголт хийх нөхцөлийг бүрдүүлсэн байх тул шүүх хэрэгжүүлэхэд илүү зохимжтой чиг үүрэг гэж үзэх үндэслэлгүй байна.
Үндсэн хуулийн Гуравдугаар бүлэгт төрийн эрх мэдлийг хуваарилахдаа шүүх эрх мэдэл нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хөндлөнгийн нөлөөллөөс ангид, бие даасан байх зарчмыг тусгасан. Шүүх эрх мэдэл хүний нөөц болон чиг үүргийн хувьд бусад эрх мэдлээс бие даасан байх нь шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгаа болдог. Улсын дээд шүүх хууль тогтоох, эсхүл гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүргийг хэрэгжүүлэх нь шүүхийн бие даасан байдал, үр нөлөөтэй хяналтыг сулруулах эрсдэлтэй. Шүүхийн бие даасан байдал нь шүүх хэрэг, маргааныг гагцхүү хуульд захирагдан хараат бусаар, тал үл харан хянан шийдвэрлэдэг гэх иргэдийн итгэлийг хамгаалдаг. Энэ итгэлээс шүүх эрх мэдэл нь легитим шинжээ олж авдаг. Шүүх улс төрийн бодлогын асуудалд оролцох, эсхүл бүрэн эрхээ хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн оролцоо, заавар, зөвлөмжөөр хэрэгжүүлэх нь түүний бие даасан, тал үл харах байдалд итгэх иргэдийн итгэлийг бууруулдаг.
Уг хуулийн зохицуулалт үйлчилж эхэлснээс хойш мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгүүлэх талаар Улсын дээд шүүхэд ирүүлсэн зарим хүсэлтэд хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.2 дахь заалтад заасан “… үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалт нь тухайн салбарын зах зээлийн 50-аас дээш хувийг эзэлдэг байх.” шаардлагад холбогдуулан гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас Улсын дээд шүүхэд хандсан албан бичиг гаргуулан авсан байна. Хуулийн шаардлагыг хангасан эсэхийг яам, агентлагийн албан бичигт үндэслэн шийдсэн гэж ойлгогдохуйц нөхцөлийг бүрдүүлж байгаа нь шүүх бие даасан гэх иргэдийн итгэлийг алдагдуулах эрсдэлийг үүсгэжээ. Иймд мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх чиг үүргийг Улсын дээд шүүх хэрэгжүүлэх нь шүүхийн бие даасан байдлын зарчим, Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт нийцээгүй байна.
Шүүн таслах ажиллагаанаас бусад асуудлаар хэрэгжүүлэх Улсын дээд шүүхийн бүрэн эрх нь шүүн таслах ажиллагааны чанар, үр нөлөө, хүртээмж зэрэгт сөрөг нөлөө үзүүлэхээр байж болохгүй. Хуулиар олгосон чиг үүрэг нь үндсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд Улсын дээд шүүхийн ачааллыг нэмэгдүүлэхээр бол Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт нийцэхгүй. Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх нь Улсын дээд шүүхийн болон түүний шүүгчийн ажлын ачааллыг нэмэгдүүлж, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх үндсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлж, улмаар шүүн таслах ажиллагааны чанар, үр нөлөө, хүртээмжийг бууруулахаар байна. Иймд хуулиар олгосон бүртгэлийн чиг үүрэг Улсын дээд шүүхийн үндсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх шалгуурыг хангаагүй байна.
Иргэн Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд гомдол гаргах эрхтэй. Хуульд мэргэжлийн нэгдсэн холбоог байгуулах, бүртгүүлэх, санхүүжилт бүрдүүлэх болон тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэх талаар зохицуулж, субьектив эрхийг тусгасан боловч тус эрх нь зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд гомдол гаргах боломжгүй байна. Тиймээс Үндсэн хуулиар баталгаажуулсан шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарласан бөгөөд тохирсон байх зарчмын зайлшгүй, тэнцвэртэй байх шалгуурыг хангаагүй тул шүүхэд гомдол гаргах эрхийг зөрчсөн байна.
Шүүхэд гомдол гаргах эрхийг бүрэн хязгаарласан тохиолдолд шударга шүүхээр шүүлгэх эрхийг эдлэх боломжгүй бөгөөд маргаан бүхий хуулийн зохицуулалтын хувьд шүүхэд гомдол гаргах эрхийг зөрчсөн нь шударга шүүхээр шүүлгэх эрхийн зөрчлийн шинжийг давхар агуулж байна.
Санамж: Энэхүү тоймыг олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэсэн тул Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийг орлохгүй бөгөөд тус дүгнэлтийг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.