Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 оны 1 сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар баталж, тухайн оныхоо 2 сарын 12-ны өдрөөс эхлэн даган мөрдөж эхэлсэн.
Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс санаачлан Хүний Эрхийн Үндэсний комисс, “Оюуны инноваци” ТББ хамтран “Үндсэн хуулийн боловсролтой иргэн” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлгийг “Бүх нийтийн эрх зүйн боловсрол”, “Хүний эрхийн нийтийн боловсрол”, “Үндсэн хуулийн нийтийн боловсрол” гэсэн гурван салбар хуралдаанаар зохион байгуулсан юм.
Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан ““Бүх нийтийн эрх зүйн боловсрол”, “хүний эрхийн боловсрол”, “Үндсэн хуулийн боловсрол” гэж харьцангуй байдлаар ялгаж томьёолж байгаа хэдий ч эцсийн дүндээ Үндсэн хуулиас эхтэй хоорондоо нягт уялдаатай нэгдмэл тогтолцооны тухай ярилцаж байгаа юм. Иймд бид тус хэлэлцүүлгийг “Үндсэн хуулийн боловсролтой иргэн” гэж нэрлэсэн. Үндсэн хуулийн боловсрол нь ардчилсан нийгэмд иргэдийн улс төрийн оролцоо, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хүний эрхийг хамгаалахад онцгой чухал ач холбогдолтой байдаг тул улс орнууд албан болон албан бус төрөл бүрийн хөтөлбөр, бусад арга хэлбэрээр дамжуулан иргэдэд энэхүү мэдлэгийг түгээж байгаа”-г онцлон тэмдэглэв.
“Бүх нийтийн эрх зүйн боловсрол” салбар хуралдаанд Нээлттэй нийгэм форумын Эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа “Монгол Улс дахь бүх нийтийн эрх зүйн боловсрол” сэдвээр, “Хүний эрхийн нийтийн боловсрол” салбар хуралдаанд ХЭҮК-ын Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ “Хүний эрхийн боловсрол: Хүний эрхийн боловсрол олгох тогтолцоонд ХЭҮК-ын үүрэг” сэдвээр, “Үндсэн хуулийн нийтийн боловсрол” салбар хуралдаанд Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төвийн захирал Р.Мухийт “Үндсэн хуулийн нийтийн боловсрол” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тус арга хэмжээнд Улсын дээд шүүх, Хууль зүй дотоод хэргийн яам, Хүний эрхийн Үндэсний комисс, Сонгуулийн Ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн Ерөнхий газар болон мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, эрдэмтэн судлаач, багш нарын төлөөлөл оролцов.
Үндсэн хуулийн боловсролыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх энэхүү санаачилга нь оролцогч талуудын идэвхтэй дэмжлэг, хамтын ажиллагааны үр дүнд бодитой хэрэгжих юм.