Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндсэн хуулийн шүүхийн дэргэдэх Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Судалгаа, хөгжлийн асуудал хариуцсан Байнгын нарийн бичгийн дарга нарын газраас 2026 оны 5 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд Сөүл хотноо “Үндсэн хуулийн эрх зүйн өнөөгийн тулгамдсан асуудлууд” сэдэвт 5 дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.
Тус бага хуралд Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн 16 гишүүн орны нийт 41 төлөөлөгч оролцож, “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт”, “Үндсэн хуулийн чухал шийдвэрүүд”, “Үндсэн хуулийн ач холбогдол бүхий хууль тогтоомж” зэрэг үндсэн сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, 2018 оноос хойших судалгааны үр дүн, туршлагаа харилцан солилцов.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрыг төлөөлөн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Билгүүн, Хууль зүйн газрын ахлах мэргэжилтэн Б.Бат-Эрхэм нар оролцож, “Үндсэн хуулийн чухал шийдвэрүүд” сэдэвт салбар хуралдаанд илтгэл хэлэлцүүллээ.