Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг:
“Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэний … мэдээллийн дагуу… хянан шийдвэрлэнэ.”

Иргэн та: Нийтийн ашиг сонирхлын үүднээс Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргана.
Тодруулбал, өөрийн Тань эрх, хууль ёсны ашиг сонирхол, эрх чөлөө хөндөгдөөгүй боловч нийт иргэн болон улсын ашиг сонирхлын үүднээс, эсхүл төрийн байгууллага, эрх бүхий албан тушаалтантай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандахдаа мэдээлэл гаргах юм.

Та мэдээлэлдээ дараах зүйлийг тусгаарай:
/Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйл/

  1. Өөрийн нэр, хаяг, оршин суугаа газар, харилцах хэлбэр;
  2. Түүний итгэмжилсэн төлөөлөгч буюу өмгөөлөгчөөр оролцох хүний нэр, хаяг, албан тушаал, бусад шаардлагатай мэдээлэл;
  3. Үндсэн хуульд нийцээгүй гэж үзэж байгаа хууль тогтоомжийн нэр, батлан гаргасан он, сар, өдөр, дугаар, түүнчлэн Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа албан тушаалтны нэр, хаяг үйл ажиллагааны талаар;
  4. Өөрийн шаардлагын үндэслэл, бусад нөхцөл байдал, тэдгээрийн нотолгоо;
  5. Маргаж байгаа асуудлын талаарх өөрийн байр суурь;
  6. Цэцээр шийдвэрлүүлэхээр тавьж байгаа шаардлага;
  7. Үндсэн хууль болон энэ хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг үндэслэн Цэцэд хандаж байгаа;
  8. Хавсаргасан бичиг баримт болон холбогдох хүмүүсийн нэрсийн жагсаалт, тодорхой хаяг.

Таны мэдээллийг дараах тохиолдолд хүлээн авахгүй:

  1. Эцэг, эхийн болон өөрийн нэрээ тусгаагүй, гарын үсэг зураагүй;
  2. Өөрт шууд хамааралтай асуудлаар мэдээлэл гаргавал;
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар, эсхүл төрийн үйлчилгээний цахим машины лавлагаа тодорхойлолт өгөх нэгдсэн маягтаар авсан иргэний үнэмлэхийн лавлагааны эх хувийг хавсаргаагүй;
  4. Тухайн хэрэг, маргаанд хэрэглэх хууль, түүний заалт Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхээс бусад тохиолдолд мэдээлэлтэй холбогдол бүхий хэрэг маргаан хэрэг, маргаан хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор, шүүхийн байгууллагад хянагдаж байгаа;
  5. Мэдээлэлтэй холбогдол бүхий санал, өргөдөл, гомдол, хүсэлтийг Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, эрх бүхий холбогдох бусад байгууллага албан тушаалтнаар шийдвэрлүүлэхээр гаргасан;
  6. Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хандаж буй хууль болон бусад эрх зүйн актад нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох, шинэчилсэн найруулга хийх, тэдгээрийг шинээр батлах төслийг хууль санаачлагчид уламжилсан, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн, холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжилсан, шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн, хандсан байгаа;
  7. Шийдвэрлүүлэхээр тавьж буй асуудал нь Монгол Улсын Засгийн газрын шийдвэр байгаа тохиолдолд Засгийн газар болон Улсын Их Хуралд хандаагүй;
  8. Баталгааны маягт бөглөөгүй. /Баталгааны маягтыг өөрийн биеэр бөглөнө./

Итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох:

  1. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд зааснаар итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгчийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тохиолдолд мэдээлэл гаргагч нь албан ёсны итгэмжлэл, эсхүл шүүхэд төлөөлөх эрхийг баталгаажуулсан баримт зэрэг шаардлагатай мэдээллийг хавсаргана.
  2. Мэдээлэл гаргагч нь хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч авсан бол Цэцийн хуралдаан болохоос 6-аас доошгүй хоногийн өмнө холбогдох мэдээллийг Цэцийн Тамгын газарт ирүүлсэн байна.

 Хамтран мэдээлэл гаргах тохиолдолд:

Хэд хэдэн иргэн мэдээлэл гаргаж буй тохиолдолд  хуралдааны нарийн бичгийн дарга Цэцтэй харилцах, төлөөлөх эрх бүхий иргэнийг тодруулж, бүрэн эрхийг тодорхойлон тэмдэглэгээ үйлдэнэ. Мөн тохиолдолд аль нэг иргэн нь төлөөлж баталгааны маягтыг бөглөж болно.

Мэдээллийг шуудангаар илгээх тохиолдолд:

Шуудангаар ирсэн мэдээлэл нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байвал мэдээллийг буцаана. Шуудангаар мэдээллийг ирүүлсэн бол Цэцээр шийдвэрлүүлэхээр тавьж буй асуудалтай нь холбогдол бүхий хэрэг, маргаан, өргөдөл, гомдлыг эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтан хянаж байгаа эсэхийг тодруулахын тулд баталгааны маягтыг мэдээлэлтэй хавсарган буцаана. Буцаасан мэдээллийг баталгааны маягтыг бөглөж ирүүлсний дараа хүлээн авч бүртгэнэ.

 Хаяг: Монгол Улс, Улаанбаатар 17024, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр   хороо Зайсангийн гудамж, Үндсэн хуулийн цэц
Утас:  Цэцийн хуралдааны нарийн бичгийн дарга: 267113

Та дээрх мэдээлэлтэй холбоотой асуудлыг  264543 дугаарын утас болон  burtgel@conscourt.gov.mn цахим шууданг ашиглаж тодруулна уу.