ИТХ-ын төлөөлөгч өөр шатны хуралд төлөөлөгчөөр давхар ажиллахыг хориглосон заалт Үндсэн хуульд нийцсэн тухай цэцийн дүгнэлт (2025, №11)-ийн тойм

  • Post author:

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2025 оны 12 дугаар сарын 17-ны дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:” гээд 40.1.2 дахь заалтад “өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байх.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. …”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн тухай маргааныг авч хэлэлцээд маргаан бүхий зохицуулалт нь Үндсэн хуульд нийцсэн байна гэж шийдвэрлэсэн.

  Үндсэн хуулийн цэцийн 11 дүгээр дүгнэлтийн агуулга, шийдвэрийн үндэслэлийг тоймловол:

  Нэг. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай

  Цэц дунд суудлын хуралдаанаараа тухайн маргаан нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч өөр шатны Хурлын төлөөлөгч байхыг хориглохтой холбоотой байх тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний төлөөлөгчийн тухай Үндсэн хуулийн агуулгыг тодорхойлсон. Үүнд:

  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:” гээд 40.1.2 дахь заалтад “өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байх.” гэж, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт “Сум, дүүргийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшигч нь аймаг, нийслэлийн Хурлын Төлөөлөгчид зэрэг нэр дэвшиж болно.” гэж тус тус хуульчилжээ. Эдгээр хуулийн зохицуулалт нь Хурлын төлөөлөгч болон нэр дэвшигчтэй холбоотой өөр өөр харилцааг зохицуулж байгаа боловч хоёр шатны хуралд нэгэн зэрэг нэр дэвшиж сонгогдсон этгээд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтад зааснаар өөр шатны хуралд төлөөлөгчөөр хавсран ажиллах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэжээ.

  … Улсын Их Хурлын 2020 оны “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” 45 дугаар тогтоолоор тус хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх, холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан боловч өнөөг хүртэл Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг уг хуульд нийцүүлэх арга хэмжээ аваагүй.

  Иймд өөр өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зэрэг нэр дэвших эрхийг хуулиар олгосон зохицуулалт нь нэр дэвшигчийн эрхийг хязгаарлах төдийгүй тухайн нэр дэвшигчийг дэмжиж саналаа өгсөн сонгогчийн хүсэл зоригийг үгүйсгэж, тэдний төлөөллийг зүй бусаар хязгаарласан шинжтэй байх тул эдгээр зохицуулалтын зөрүүтэй байдлыг арилгаж, хууль тогтоомжийн нийцлийг хангах үүднээс Хурлын төлөөлөгчийг сонгох хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзсэн.

  Хоёр. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад нийцсэн эсэх талаар

  Сонгох, сонгогдох эрх нь иргэний улс төрийн эрхийн бүрэлдэхүүн бөгөөд сонгох эрхийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн нийтээрээ эдлэх, харин сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд тухайн албан тушаалын онцлогийг харгалзан тусгайлсан болзол, шалгуурыг хуулиар тогтоож болохоор байна.

  Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд туйлын эрхээс бусад үндсэн эрхийг хязгаарлаж болох ч уул хязгаарлалт нь тухайн эрхийн цөмийг үл хөндөх, эрх зүйн тодорхой байдал, тохирсон байх, ялгаварлан гадуурхахгүй байх зэрэг зарчимд нийцэхийг шаардах бөгөөд аль нэг зарчимд нийцээгүй бол тухайн хязгаарлалт үндсэн эрхийг зөрчсөн гэх үндэслэл болно (Цэцийн дүгнэлт, 2017, №07; 2020, №03; 2023, №03; 2024, №02; №03; №04; 2025, №01; №02; №03; №04; №05; №06; №07; №09; №10; Цэцийн тогтоол, 2024, №02; №03; 2025, №01).

  Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад заасан сонгогдох эрх нь туйлын эрхэд хамаарахгүй. Иймээс Цэц маргаан бүхий зохицуулалт нь сонгогдох эрхийн цөмийг үл хөндөх зарчмыг хангасан эсэхийг эхний ээлжид, улмаар уг цөмийг үл хөндсөн тохиолдолд эрх зүйн тодорхой байдал, тохирсон байх, ялгаварлан гадуурхахгүй байх зарчимд нийцсэн эсэхийг тус тус шалгасан.

  2.1.Эрхийн цөмийг үл хөндөх зарчмыг хангасан эсэх

  Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх чөлөөний зарчим нь үндсэн эрхийг аль болох эдлүүлэхийг шаардах бөгөөд үндсэн эрхийг зайлшгүй тохиолдолд хязгаарлаж болох ч тэрхүү хязгаарлалт нь тухайн эрхийг бүхэлд нь буюу “тус эрхийн цөмийг илт үгүйсгэхийг” хориглоно (Цэцийн дүгнэлт, 2024, №03; Цэцийн тогтоол, 2024, №03). Өөрөөр хэлбэл, үндсэн эрхэд тавих хязгаарлалт нь тухайн эрхийн цөмийг үл хөндсөн байх ёстой.

  Үндсэн эрхийн цөмийн тухай ойлголт нь төрийн оролцооноос хувь хүнийг ямагт хамгаалж, чөлөөтэй байх хүрээг баталгаажуулсан гол агуулга буюу үндсэн эрх бүрд заавал хамгаалагдах бодит цөм бий гэдгийг илтгэх бөгөөд энэ гол агуулгыг ямар ч тохиолдолд хөндөхгүй. Үндсэн эрхийн хязгаарлалт тухайн эрхийн цөмийг хөндсөн нь тогтоогдвол тухайн эрхийг зөрчсөнд тооцох бөгөөд тохирсон байх зарчимд нийцсэн эсэхийг шалгах шаардлагагүй болно.

  Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “18 нас хүрсэн, ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй.” гэж заасан байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтад өөр шатны Хурлын төлөөлөгч байхыг хориглосон зохицуулалт нь иргэнийг аль нэг шатны Хуралд нэр дэвших боломжийг бүрмөсөн хаасан гэж үзэх үндэслэлгүй байна.

  Сонгогдох эрх нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэн төрийн эрх мэдлийг төлөөллийн ардчиллын аргаар барих боломжийг хангана. Иргэн хоёр шатны Хуралд төлөөлөгчөөр сонгогдсон ч давхар ажиллах боломжгүй байх нь уг эрхийн мөн чанарыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, иргэн аль нэг шатны Хурлын сонгуульд нэр дэвших эрх хадгалагдаж байгаа нь иргэний сонгогдох эрхийн цөмийг хөндөөгүй гэж үзэх үндэслэл болно.

  2.2.Эрх зүйн тодорхой байдлын зарчмыг хангасан эсэх

  … Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт нь өөр шатны Хурлын төлөөлөгчийн албан тушаалыг хавсрахыг хориглосон агуулгыг салаа утгагүйгээр ойлгомжтой илэрхийлж байх тул үүний үр дагаврыг сонгогч, нэр дэвшигч нь урьдчилан таамаглаж, зан үйлээ нийцүүлэх боломжтой байна.

  2.3.Тохирсон байх зарчмыг хангасан эсэх

  Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тусгасан хууль дээдлэх болон шударга ёсны зарчмын дагуу үндсэн эрхэд тавих хязгаарлалт тохирсон байна. Уг зарчмын дагуу үндсэн эрхийн хязгаарлалт нь хууль ёсны зорилгод хүрэхэд уялдаатай, зайлшгүй, тэнцвэртэй байх гэсэн шалгуурыг хангах ёстой (Цэцийн дүгнэлт, 2024, №03; №04; Цэцийн тогтоол, 2024, №02; №03).

  2.3.1…. Хурлын төлөөлөгч өөр шатны Хурлын төлөөлөгчийн албан тушаалыг хавсрахыг хориглосон зохицуулалт нь тухайн шатны Хурлын үйл ажиллагааны бие даасан байдал, үр нөлөөг хангах, улмаар өөр өөр шатны Хурлын чиг үүргийн зөрчилдөөн, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх хууль ёсны зорилготой байх бөгөөд энэ зорилгод хүрэхэд уялдаатай байна. Учир нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэн нэг шатны Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон бол нөгөө шатны Хурлын төлөөлөгчөөс чөлөөлөх зэргээр уг заалтын хэрэгжилтийг хангаж байгаа нь холбогдох баримтаар нотлогдож байна…

  2.3.2. … Хурлын төлөөлөгч өөр шатны Хурлын төлөөлөгчийн албан тушаалыг хавсрахыг “зөвшөөрөх”, эсхүл “хориглох” гэсэн хоёр загвар байх боломжтой. Хавсрахыг зөвшөөрөх загвар нь өөр өөр шатны Хурлын чиг үүргийн зөрчилдөөн, ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэлээс сэргийлэх зорилгод үйлчлэхгүй, харин хавсрахыг хориглох загвар нь ийм эрсдэлийг бууруулахад чиглэж байна. Маргаан бүхий зохицуулалт нь хавсрахыг хориглох загвар мөн байх боловч аль нэг шатны Хурлын төлөөлөгчөөр сонгогдох, ажиллах боломжийг алдагдуулаагүй байна. Иймээс энэ хязгаарлалт нь дээр дурдсан зорилгод хүрэх үр дүнтэй арга хэмжээ төдийгүй сонгогдох эрхэд хамгийн бага халдсан хязгаарлалт байх тул зайлшгүй байх шалгуурыг хангасан байна.

  2.3.3. … Хурлын төлөөлөгч өөр шатны Хурлын төлөөлөгчийн албан тушаалыг хавсрахыг хориглосноор өөр өөр шатны Хурлын чиг үүргийн зөрчилдөөн, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэхэд чиглэж байх бөгөөд аль нэг шатны Хуралд төлөөлөгчөөр сонгогдон ажиллахыг үгүйсгээгүй байна. Энэ нь өөр өөр шатны Хурлын төлөөлөгчөөр давхар ажиллахыг зөвшөөрснөөс үүсэх сөрөг үр дагавраас илүү чухал тул тэнцвэртэй байна.

  2.4.Ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг хангасан эсэх

  … Маргаан бүхий зохицуулалт нь өөр өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чиг үүргийн зөрчилдөөн, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх замаар ардчилсан шийдвэр гаргах үйл явцыг баталгаажуулахыг зорьж байх тул зохих үндэслэлтэйд тооцогдоно. Түүнчлэн “өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байх”-ыг бүх шатны Хурлын төлөөлөгчид адилхан хориглож, мөн Хурлын төлөөлөгч нар адил эрх зүйн байдалтай байх тул ялгаварлан гадуурхахгүй байх зарчимтай харшлаагүй байна.

  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт нь бодитой, үндэслэлтэй байх бөгөөд эрхийн цөмийг үл хөндөх, эрх зүйн тодорхой байдал, тохирсон байх, ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг тус тус алдагдуулаагүй байх тул сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

  Гурав. Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцсэн эсэх

  3.1.Маргаан бүхий зохицуулалт нь Хурлын төлөөлөгч өөр шатны Хурлын төлөөлөгч байхыг хориглох замаар иргэдийн “төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрх”-ийг баталгаажуулахад чиглэсэн байх тул Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасанд нийцсэн байна.

  3.2.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт нь Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасанд нийцсэн гэж үзсэн.

  Жич: Энэхүү тоймыг олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэсэн тул Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 11 дүгээр дүгнэлтийг орлохгүй бөгөөд тус шийдвэрийг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.

                                                               ДУНД СУУДЛЫН ИЛТГЭГЧ ГИШҮҮН Б.БОЛДБААТАР