Хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх заалтын талаарх маргааныг шийдвэрлэсэн Цэцийн дүгнэлт (2026, №03)-ийн тойм

  • Post author:

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дунд суудлын хуралдаанаас гаргасан 03 дугаар дүгнэлтээр Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгэсэн бол хуулийг буцаан хэрэглэхгүй ба шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг зөрчөөгүй гэж шийдвэрлэсэн.

Энэхүү маргааны зүйл нь зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай гарсан шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд уг хуулийг буцаан хэрэглэхээр заасан нь Үндсэн хуулийг зөрчсөн эсэх асуудал байна. Хуулийг буцаан хэрэглэхгүй байх болон хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь эрүүгийн эрх зүйд хамаарах Үндсэн хуулийн зарчим тул эдгээрийн агуулга, Үндсэн хуулийн үндэслэл, үйлчлэх хүрээг тайлбарласны үндсэн дээр Зөрчлийн тухай хуульд үйлчлэх эсэх, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг шалгана.

Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “хууль дээдлэх” нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гэж зааж, багтаамжийн хувьд ардчилсан, эрх зүйт төр, үндсэн хуульт ёсны үнэт зүйлсийг өргөн агуулгаар хамгаалсан байна. Тухайлбал, хууль дээдлэх ёсны дагуу зөвхөн хуулиар гэмт хэргийг тодорхойлж, ялыг тогтоох тул эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй байх зарчмыг баримтална. Энэ зарчим нь үйлдэл, эс үйлдэхүй гаргах үеийн хуулиар гэмт хэрэгт тооцоогүй байсан бол түүний төлөө хэнийг ч гэмт хэрэгт буруутгахыг, эсхүл гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байснаас илүү хүнд ял оногдуулахыг хориглох утгатай. Хууль нь ямар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, ямар ял оногдуулахыг иргэн өөрөө, эсхүл хууль зүйн мэргэжлийн туслалцаатайгаар мэдэх боломжтой, ойлгомжтой байх шаардлагатай. Иймээс эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй байх зарчим нь урьдчилан таамаглах боломжийг иргэнд олгож, өөрийн үйл ажиллагааг тодорхойлох эрх чөлөөг эдлэх урьдач нөхцөл болдог. Түүнчлэн энэ зарчим нь үйлдэл, эс үйлдэхүй гаргах үед урьдчилан таамаглах боломжгүй байсан ялыг оногдуулахгүй байх баталгааг хангах тул мөрдөн шалгах, яллах, гэм буруутайд тооцох, ял оногдуулах ажиллагааг хуульд нийцүүлж, энэ талаарх төрийн эрх мэдлийг дур мэдэн хэрэгжүүлэх, урвуулан ашиглахаас сэргийлнэ.

Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тэгш байдал болон шударга ёсонд хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчим багтаж хамгаалагдана. Энэ зарчмын дагуу гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль болон шүүхийн эцсийн шийдвэр гарахын өмнө батлагдсан дараагийн хууль хооронд ял шийтгэлийн зөрүү байвал шүүх шүүгдэгчид илүү ашигтай хуулийг нь хэрэглэх үүрэгтэй. Тэгш байдал нь үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, эсхүл оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө, эсхүл дараа үйлдэгдсэн эсэхээс үл хамааран адил үйлдэл, эс үйлдэхүйд тэгш хандаж ял оногдуулахыг шаардана. Мөн сүүлд батлагдсан хуулийн дагуу хэнд ч ял оногдуулахгүй болсон үйлдэл, эс үйлдэхүйн төлөө хэн нэгэнд ял оногдуулах, эсхүл ялыг хөнгөрүүлсэн байхад өмнөх хуульд заасан хүнд ялыг оногдуулах нь ял тухайн гэмт хэрэгт тохирсон байх зарчмыг алдагдуулж, шударга ёсонд нийцэхгүй.

Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй байх болон хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь Үндсэн хуулиар хамгаалагдсан, заавал дагаж мөрдөх, туйлын шинжтэй зарчим тул гэмт хэрэгт буруутгагдсан хэн бүхэн эдгээр зарчмын дагуу шүүлгэх үндсэн эрхтэй бөгөөд Эрүүгийн хууль болон түүний хэрэглээ нь эдгээр зарчимд бүрнээ нийцэх ёстой. Учир нь бусад салбар эрх зүйтэй харьцуулахад эрүүгийн эрх зүй нь нийгмийн зүгээс хамгийн ноцтой буруутгах үйл ажиллагааг хориглож, хамгийн хүнд хариуцлага хүлээлгэх бөгөөд хүний зан үйлийг төлөвшүүлэх, зохицуулахад хамгийн ихээр нөлөөлдөг.

Хуулийг буцаан хэрэглэхгүй байх болон хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчим нь гэмт хэрэг болон холбогдох ялыг тодорхойлсон материаллаг эрх зүйд үйлчлэх ч процессын эрх зүйд үйлчлэхгүй. Харин хүчин төгөлдөр үйлчилж буй процессын эрх зүйн хэм хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шууд хэрэглэх зарчимтай.

Хуулийг буцаан хэрэглэхгүй байх зарчим нь захиргааны болон хувийн эрх зүйд үйлчлэх боловч эрүүгийн эрх зүй шиг туйлын шинжтэй биш. Өөрөөр хэлбэл, эрүүгээс бусад салбар эрх зүйн хувьд хууль тогтоогч хууль ёсны зорилгыг хангах үүднээс үргэлжилж буй эрх зүйн харилцаанд холбогдох хуулийг буцаан хэрэглэхээр тухайлан хуульчилж болох ч энэ нь тохирсон байх зарчимд нийцэх ёстой.

Хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчим нь эрүүгийн эрх зүйн үндсэн зарчим бөгөөд бусад салбар эрх зүйн хувьд гагцхүү эрүүгийн эрх зүйтэй төстэй зохицуулалтад хамаатай. Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн дагуу оногдуулах захиргааны шийтгэл, албадлагын арга хэмжээ нь зөрчил үйлдэгчийг шийтгэж цээрлүүлэх шинжтэй тул энэ зарчим үйлчилнэ. Учир нь хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчим нь адил үйлдэл, эс үйлдэхүйд ял, шийтгэл оногдуулахад тэгш, тохирсон байдлаар хандах шаардлагаас урган гарна.

Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт хуулийг буцаан хэрэглэхгүй байх зарчмыг заасан бол мөн зүйлийн 4 дэх хэсэгт хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчмыг хуульчилжээ. Уг хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт буюу маргаан бүхий зохицуулалтад хоёр тусдаа агуулга тусгасан байна.

Нэгд, тус зохицуулалтаар шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгэсэн бол эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэхгүй болохыг тодруулж, нэг мөр болгожээ. Энэ нь эрх зүйн тодорхой байдлыг хангах замаар хууль дээдлэх ёсыг хэрэгжүүлэхэд чиглэсэн байна.

Хоёрт, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “… шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ.” гэж заасан нь хууль тогтоох онцгой бүрэн эрхийн асуудал байх тул Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Үндсэн хуулиар хамгаалагдсан “хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчим” нь үйлдэл, эс үйлдэхүй гаргасны дараа батлагдсан хуулиар түүнийг зөрчилд тооцохгүй болсон, эсхүл оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн бол шийдвэр гаргах үед тухайн хуулийг буцаан хэрэглэхийг үүрэгжүүлнэ. Харин хүчин төгөлдөр болсон шийдвэрийг гүйцэтгээгүй тохиолдолд хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэхийг Үндсэн хуулиар шаардаагүй байна.

Холбогдох шүүхийн шийдвэрээс харахад маргаан бүхий заалтыг шүүх ялгаатай хэрэглэж байх боловч Үндсэн хуулиас бусад хуулийг тайлбарлах, хэрэглэх нь ердийн шүүхийн эрх хэмжээнд хамаарна. Иргэний өргөдлөөр тодорхой хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр өөрийнх нь үндсэн эрхийг зөрчсөн тухай маргаан үүсгэснээс бусад тохиолдолд үүнийг Үндсэн хуулийн цэц харьяалан шийдвэрлэхгүй. Энэ маргааны хувьд иргэд мэдээлэл гаргасан байх бөгөөд үндсэн эрхийг нь хөндөөгүй байна.

                                                                                                                                           Дунд суудлын хуралдааны илтгэгч гишүүн

Санамж: Энэхүү тоймыг олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэсэн тул Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 03 дугаар дүгнэлтийг орлохгүй бөгөөд тус дүгнэлтийг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.