Монгол Улсын Үндсэн хуулийн цэц МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнтэй хамтран оюутнуудын дунд Үндсэн хуулийн эрх зүйн асуудлаар мэтгэлцээн зохион байгууллаа.
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөрт зориулсан энэхүү мэтгэлцээнд Дотоод хэргийн их сургууль, “Их засаг” их сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургууль, “Отгонтэнгэр” их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, “Шихихутуг” их сургуулийн багууд өрсөлдсөнөөс МУИС-ийн Хууль зүйн сургууль болон Дотоод хэргийн их сургуулийн багууд шигшээ шатанд шалгарсан юм.
Хоёр баг тодорхой маргааны үйл баримт, өгөгдлийн хүрээнд тайлбар, үндэслэл, байр сууриа тодорхойлон мэтгэлцсэнээс МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг тэргүүлж, Дотоод хэргийн их сургуулийн баг дэд байр эзэлж, Дотоод хэргийн их сургуулийн оюутан Ц.Хүслэн шилдэг илтгэгчээр тодорлоо.
Шагнал гардуулах үеэр Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан хэлсэн үгэндээ “Эрх зүйч мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын Үндсэн хуулийн эрх зүй болон Үндсэн хуулийн процессын эрх зүйн онол-практикийн мэдлэгийг гүнзгийрүүлэх, Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийг түгээн дэлгэрүүлэх, тайлбарлан таниулах, улмаар Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааныг хөгжүүлж, Үндсэн хуульт ёсыг төлөвшүүлэхэд энэхүү арга хэмжээ чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов.
Өнгөрсөн жилээс эхлэн зохион байгуулсан тус мэтгэлцээнийг энэ жил цар хүрээг нь тэлж, ахисан түвшинд уламжлал болгон зохион байгуулж буй нь энэ юм.