Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн ээлжит хурал болов

  • Post author:

Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн ээлжит бага хурал Тайландын Хаант Улсын Бангкок хотноо өнөөдөр /2025.06.24/ болж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан, Тамгын газрын дарга Д.Баянбилэг нар цахимаар оролцлоо.

      Тус бага хурал “Үндсэн хуулийн шүүхээс хүний эрхийг хамгаалах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд Тайланд, Индонез, Өмнөд Солонгос, Турк, Узбекистан зэрэг улсын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч нар илтгэл тавьж, харилцан санал солилцов. Түүнчлэн Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Байнгын Нарийн бичгийн дарга нарын газрын 2025 оны тайланг сонсов.

         Энэ үеэр, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хурал болж Ирак Улсын Холбооны дээд шүүхийг Азийн нийгэмлэгийн 18 гишүүн улс дэмжсэнээр Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн гишүүнээр элсүүлэв.

     Мөн 2025-2027 онд Азийн нийгэмлэгийг Узбекистаны  Үндсэн хуулийн шүүх даргалахаар шийдвэрлэлээ.

  2023-2025 онд Азийн нийгэмлэгийг Тайландын Хаант Улсын Үндсэн хуулийн шүүх даргалж буй юм. Ташрамд дурдахад энэхүү нийгэмлэгийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2021-2023 онд даргалсан билээ.