Монгол Улсын дээд шүүхийн шүүгч нар Венецийн комиссын дэд ерөнхийлөгч Марта Картабиа тэргүүтэй төлөөлөгчдийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт, Г.Банзрагч тэргүүтэй холбогдох албаныхан, Венецийн комиссын дэд ерөнхийлөгч Марта Картабиа, комиссын гишүүн Владимир Варданян, гишүүн асан, шинжээч Филип Димитров, комиссын нарийн бичгийн дарга Симона Граната-Менгини, комиссын хуулийн зөвлөх Вахе Демиртшян нар оролцов.
Талууд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд Үндсэн хуулийн цэцийн гишүүний томилгоо, хянан шийдвэрлэх хэргийн харьяалал зэрэг асуудлаар ярилцаж, санал солилцлоо.
Энэ үеэр комиссын гишүүд Үндсэн хуулийн цэц болон Улсын дээд шүүхийн бүрэн эрх, чиг үүргийн хамаарал, шүүх эрх мэдлийн талаарх Үндсэн хуулийн зарим заалтын талаар асуулт асууж, хариулт авсан юм.
Эх сурвалж: supremecourt.mn
Мэдээний холбоос:
https://www.supremecourt.mn/mn/home?page=pages&id=58&pg=3546&pr=14&tp=list&h=0