Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс санаачлан Монгол Улсын Их Сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн, Б.Чимид сантай хамтран Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ой, Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн мэндэлсний 90 насны ойг тохиолдуулан өнөөдөр /2024.11.29/ түүний “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” номын уншлагыг анх удаа зохион байгууллаа.
Доктор, профессор Б.Баярсайхан “Үндсэн хуулийн хөгжлийг шинэ хандлагаар судлах нь”, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, доктор, профессор Д.Гангабаатар “Шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал бүрэлдэн тогтсон тухайд”, доктор, профессор Х.Сэлэнгэ “Үндсэн хуулийн үзэл баримтлалын хураангуй”, Үндсэн хуулийн цэцийн гишүүн доктор, профессор О.Мөнхсайхан “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” сэдвээр тус тус үндсэн илтгэл тавьж хэлэлцүүлж, үндсэн илтгэлтэй холбогдуулан 20 гаруй эрдэмтэн судлаачид санал, дүгнэлтээ танилцууллаа.
Эрхзүйн шинжлэх ухаанд тэр бүр нийтлэг бус НОМЫН УНШЛАГА нь анх удаа “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” номыг сонгон илтгэгч, хэлэлцэгч болон бусад оролцогч нар урьдчилан уншиж бэлтгэсний үндсэн дээр хэлэлцүүлэг өрнүүлэх замаар зохион байгуулснаараа онцлог болов.
Уг уншлагыг Үндсэн хуулийн цэцийн дарга асан, академич Ж.Амарсанаа чиглүүлж, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан П.Очирбат, Үндсэн хуулийн цэцийн дарга асан, Хөдөлмөрийн баатар Н.Жанцан, Үндсэн хуулийн цэцийн дарга асан Ж.Бямбадорж, Улсын Их Хурлын дарга асан Д.Лүндээжанцан, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж нарын төр, нийгмийн зүтгэлтэн, Үндсэн хууль судлаач, эрдэмтдийн төлөөлөл оролцсон юм.
Мөн уг арга хэмжээний хүндэт зочноор Б.Чимид агсны гэргий Б.Цээрэгзэн, түүний охин Б.Чимид сангийн тэргүүн Ч.Сайнсанаа нар оролцов.
Хуваалцах: