Улсын Их Хурал “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” тогтоолын төслийг батлав

  • Post author:

      Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.11.21) нэгдсэн хуралдаанаар “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тус тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцууллаа.

     1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр баталсан ардчилсан, шинэ Үндсэн хуулийн оршил хэсэгтээ “Монголын ард түмэн бид Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна” хэмээн тунхагласан нь Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сахин биелүүлэхийн үндэс болсон. Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулиа дээдэлж, түүний агуулга, үзэл санааг ойлгож, өрх бүр дээдлэн залахыг уриалж, Үндсэн хуулийн үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг тайлбарлан таниулах, нийт байгууллага, иргэний үйл ажиллагааг Үндсэн хуульд бүрнээ нийцүүлэх, “Мэдэгтүн, сахигтун!” гэж даяар олноо зарлан тунхагласныг сахин биелүүлэх зорилгын хүрээнд төслийг боловсруулжээ. 

        Улсын Их Хурлын тогтоолын төсөлд төрийн байгууллага, Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар Үндсэн хуулийг дээдлэн залах, Үндсэн хуулийн үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг бүх түвшний боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрийн агуулгад тусган, түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулахыг Монгол Улсын Засгийн газар болон холбогдох бусад төрийн байгууллагад даалгах; Монгол Улсын иргэн  бүр Үндсэн хуулиа судлан мэдэж, өрх бүр Үндсэн хуулийг дээдлэн залах, Үндсэн хуулийн үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулж сурталчлахыг хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалах зохицуулалтыг тусгасан байна. Мөн тогтоолыг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргад даалгах, уг тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгажээ.

    Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар Үндсэн хуулийг тунхаглалын шинж чанартай биш, залуучууд хойч үедээ Үндсэн хуулийн үзэл санааг бага наснаас нь ойлгуулах, бүх түвшний боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт тодорхой тусгаж, эргэх холбоог нэмэгдүүлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Үндсэн хуулийн үзэл санаа боловсролын байгууллагын хөтөлбөрт одоо хэрхэн туссан, түүнийг сайжруулах талаар тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа эсэх, хэвлэл мэдээллийн байгууллагад уриалах бус үүрэгжүүлэх боломжтой эсэх талаар асууж, хариулт авсан болно. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, О.Алтангэрэл нар Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлүүлэх хүрээнд “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлж, саналаа хэлсэн.

       Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Үндсэн хуульт ёсоо эрхэмлэн дээдлэж, иргэд нь хуулиа мэддэг, эрх мэдэлтнүүд түүний үзэл санаанд үнэнч зүтгэдэг байх ёстой. Энэ удаагийн парламент Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойг тохиолдуулан “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” шийдвэрийг гаргаж буй нь Монгол Улс ардчилсан засаглалтай, хүний эрх, эрх чөлөөг хангах үзэл баримтлалдаа туйлбартай зогсож чадаж буйн илэрхийлэл хэмээгээд төслийг дэмжиж буйгаа илэрхийлэв.

        Улсын Их Хурлын гишүүд тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлсний дараа “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 65.6 хувь дэмжиж батлав.

                                                                                                                                 Эх сурвалж: https://www.parliament.mn/

Хуваалцах:

Share on facebook
Share on twitter