Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” болохыг тодорхой заасан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих Үндэсний өдөр” болгох, ““Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх тухай” тус тус шийдвэрлэсэн билээ.
Эдгээр зарлигийн дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Тамгын газрын ажилтнууд жил бүр мод, бутлаг ургамал тарих, цэнэг усалгаа, арчилгаа хийдэг уламжлалтай.
Зарим үйл ажиллагааг тоймловол 2014 онд Нийслэлийн Хан-Уул дүүрэгт Био комбинатын Мод үржүүлгийн газарт улиас, чацарганы суулгац тарьсан, 2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” өрнүүлснийг дэмжиж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Үндсэн хуулийн цэцийн төгөл” байгуулах ажлыг санаачлан хэрэгжүүлсэн юм.
2022 онд “Байгалиа бүтээе” уриан дор зохион байгуулсан “Мод тарих үндэсний өдөр”-ийн арга хэмжээнд үрээр үржүүлсэн модны тарьц шинээр суулгах, өмнө нь тарьсан модонд усалгаа хийж, тогоог нь цэвэрлэн, хөл газрын ургамлыг устгах зэргээр нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан.
Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Тамгын газрын ажилтнууд Цэцийн ордон ашиглалтад орсон 2009 оноос өнөөг хүртэл ордны хашаан дотор болон гаднах нийтийн эзэмшлийн талбайд мод тарьж ургуулах, арчлах, усалгаа хийх зэргээр орчныхоо ногоон байгууламжийг тасралтгүй нэмэгдүүлсээр ирсэн юм.
Энэ нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, эх орон, байгаль орчноо хамгаалах уламжлал, үзэл санааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Энэ удаа Цэцийн гишүүд, Тамгын газрын ажилтнууд Цэцийн ордны гаднах нийтийн эзэмшлийн талбайд энэ оны хавар тарьсан 250 орчим шар хуайсыг арчлан, цэвэрлэж орчныхоо ногоон байгууламжийг сэргээлээ.
Хуваалцах: