“Үндсэн хуулийн эрх зүй-2026” оюутны мэтгэлцээний тэмцээн боллоо Post author:admin Post published:2026-11-19 Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Их Сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Үндсэн хуулийн эрх зүй-2026” оюутны мэтгэлцээний тэмцээний ээлжит шат өнөөдөр (2026.11.19) боллоо. Тус тэмцээн нь эрх зүйч мэргэжлээр суралцаж буй оюутнуудын Үндсэн хуулийн эрх зүй, Үндсэн хуулийн процессын эрх зүйн онол, практикийн мэдлэгийг гүнзгийрүүлэх, эрх зүйн үндэслэлтэй мэтгэлцэх, дүн шинжилгээ хийх ур чадварыг хөгжүүлэх зорилготой юм. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийг дээдлэх эрх зүйн ухамсар, соёлыг төлөвшүүлэх, Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, ач холбогдлыг олон нийтэд таниулахад чиглэж байна. Энэ удаагийн тэмцээнд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Дотоод хэргийн их сургууль, “Их засаг” их сургууль, “Шихихутуг” их сургууль, Санхүү, эдийн засгийн их сургуулийн оюутны багууд зөвлөх багш нарын хамт оролцож, Үндсэн хуулийн эрх зүйн асуудлаар мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдөж байна. Тэмцээн бичгийн, мэтгэлцээний болон шигшээ гэсэн гурван үе шаттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд шилдэг хоёр баг шигшээ шатанд өрсөлдөж, аваргаа тодруулна. “Үндсэн хуулийн эрх зүй-2026” оюутны мэтгэлцээний тэмцээний шигшээ шат 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн ордонд болно.