Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн  нийгэмлэгийн VII их хурал болов

  • Post author:

      Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо 2026 оны 10 дугаар сарын 1–2-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэг /ҮХШАН/-ийн VII Их хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Эрдэнэбулган, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Р.Батрагчаа нар оролцлоо.

Их хурлын нээлтийн үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Эрдэнэбулган нээлтийн үг хэлж, хуралдаанд оролцов.

Энэ удаагийн их хурлаар “Дижиталчлал, хиймэл оюун ухааны эрин үе дэх үндсэн хуулийн шүүх эрх мэдэл” сэдвийн хүрээнд болж, цахим шилжилт, хиймэл оюуны хэрэглээ, Үндсэн хуулийн дээд үйлчлэл, шүүхийн хараат бус байдал, хүний эрх, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхэд анхаарах асуудлуудыг тус тус хэлэлцлээ.

Хурлын үеэр “Самаркандын тунхаглал” гаргасан бөгөөд Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга нарын хурал, гишүүдийн Удирдах зөвлөлийн хурал болон бүс нутгийн бусад нийгэмлэгийн уулзалтууд зохион байгуулагдав.

         Мөн Азийн нийгэмлэгийн гишүүдийн Удирдах зөвлөлийн хурлаар Нийгэмлэгийн дараагийн даргалах байгууллагаар Филиппин Улсын Дээд шүүхийг сонголоо. Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийг 2025–2027 онд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Үндсэн хуулийн шүүх даргалж байгаа болно.