Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Эрдэнэбулган өнөөдөр (2026.06.30) Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Энхтайван, хүний эрхийн хэлтсийн хөтөлбөрийн менежер Яник Вайнгандыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд энэ оны 5 дугаар сард хэрэгжиж дууссан “Үндсэн хуулийн шүүхийн шинэтгэл ба ардчилал, хүний эрх” төслийн үр дүн болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Эрдэнэбулган Швейцарын Холбооны Улсын дэмжлэгтэйгээр хэрэгжсэн уг төсөл нь бодит үр дүнд хүрч, өндөр ач холбогдолтой байсныг онцоллоо. Тэрээр энэхүү төсөл нь Үндсэн хуулийн цэцийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлж, хамтын ажиллагааны агуулга, цар хүрээг баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсны зэрэгцээ Үндсэн хуулийн цэцийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлснийг онцолсон юм.
Мөн уулзалтын үеэр Үндсэн хуулийн цэцээс боловсруулж хүргүүлсэн “Монгол Улсад үндсэн хуульт ёс, үндсэн эрхийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Хөтөлбөрийн менежер Яник Вайнганд Швейцарын Холбооны Улсын ардчиллыг бэхжүүлэх зорилтот бодлогод нийцэж байгаа энэхүү шинэ төслийн ач холбогдлыг онцолж, төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.