Бүгд Найрамдах Болгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг хамаарагч Александрина Гиговаг хүлээн авч уулзлаа

  • Post author:

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан өнөөдөр (2026.06.15) Бүгд Найрамдах Болгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг хамаарагч, хатагтай Александрина Гиговаг өөрийнх нь хүсэлтээр Үндсэн хуулийн цэцийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааны талаар товч танилцуулж, Монгол, Болгар хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа 76 жилийн түүхтэйг онцлон тэмдэглэв. Тэрээр 2027 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 35 жилийн ой тохионо. Энэхүү ойн арга хэмжээний үеэр Олон улсын бага хурлыг зохион байгуулах, Бүгд Найрамдах Болгар Улсын Үндсэн хуулийн шүүхийн тэргүүн, хатагтай Павлина Пановаг урьж оролцуулах, хоёр институцийн хооронд хамтын ажиллагааны баримт бичиг байгуулахаар ажиллаж байгааг тэмдэглэж, Элчин сайдын яамнаас дэмжин ажиллахыг хүсэв.

Элчин сайд Александрина Гигова “Монгол Улстай ойр дотно байх онцгой шалтгаан надад бий. Учир нь миний өвөг эцэг 50 жилийн өмнө Бүгд Найрамдах Болгар Улсын Элчин сайдын яамыг Монгол Улсад байгуулж, анхны тэргүүнээр нь ажиллаж байсан. Харин 50 жилийн дараа миний бие тус Элчин сайдын яамны анхны эмэгтэй тэргүүнээр ажиллаж байгаа нь нэр төрийн хэрэг юм. Болгар, Монгол хоёр улсын хооронд уламжлалт найрсаг харилцаа тогтсон бөгөөд цаашид энэхүү хамтын ажиллагааг улам бэхжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Энэхүү уулзалтад Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс байлцав.