Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй гарын үсэг зуруулсан байх нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн тогтоол (2025, №01)-ын тойм

  • Post author:

Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэлээ. Уг тогтоолд:

“Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй тогтоол гаргасан бол түүний үндэслэлийг Цэц бүрэн бүрэлдэхүүнтэй хуралдаанаар маргааныг эхнээс нь дахин хэлэлцэж, Улсын Их Хурал дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэл зөв болох нь нотлогдвол өмнөх дүгнэлтээ хүчингүй болгох, хэрэв үндэслэл нь батлагдахгүй бол Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болгож тогтоол гаргана.” гэж заасан байна.

Монгол Улсын Их Хурлын 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 31 дүгээр тогтоолд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн ч хүлээн зөвшөөрөөгүй хууль зүйн үндэслэлээ тусгаагүй байна.

Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг зөвшөөрөөгүй гэж үзсэн үндэслэлийг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар дахин хянаж, эцэслэн шийдвэрлэдэг тул Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн Улсын Их Хурлын шийдвэрт үндэслэлээ тусгасан байх шаардлага тавигдана.” гэсэн байна.

Санамж: Энэхүү тоймыг олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэсэн тул Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр тогтоолыг орлохгүй бөгөөд тус тогтоолыг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.

                                                                       Их суудлын хуралдааны илтгэгч гишүүн