Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн дунд суудлын хуралдаанаас Зөрчлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27 дахь хэсэгт “Нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны “… хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх … төгрөгөөр торгоно.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… шударга ёс, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн маргааны шинжийг агуулаагүй байх тул Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэж, дүгнэлт гаргах үндэслэлгүй гэж үзэн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгосон байна.
Үндсэн хуулиар төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд хуваарилан, тэдгээрийн хооронд харилцан хяналт, тэнцэлтэй байх үзэл баримтлалыг бэхжүүлжээ. Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд зааснаар Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална. Мөн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурал нь төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;”, “төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох;” зэрэг асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэхээр байна.
Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн ямар үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнд хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээг тогтоох нь хууль тогтоогчийн бүрэн эрхийн асуудал юм. Ийнхүү хууль тогтоогчоос баримталж байгаа бодлогын асуудал буюу зөрчилд оногдуулахаар заасан шийтгэл нь энэ талаарх хууль тогтоомжийн системчлэлийн хувьд шийтгэлийн тогтолцооны тэнцвэрт байдлыг илтэд алдагдуулаагүй, эсхүл тухайн зөрчилд оногдуулах шийтгэлийн зорилготой нийцэж байгаа тохиолдолд уг асуудлыг Үндсэн хуулийн цэц хянахгүй.
Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27 дахь хэсэгт хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайлангаа санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй нэр дэвшигч хүнийг торгохоор хуульчилсан нь нээлттэй, ил тод, шударга сонгууль явуулах, эх үүсвэр нь тодорхойгүй, хууль бус мөнгөний эргэлтээс сэргийлэх, сонгогч санал өгөхдөө үнэн зөв, бүрэн мэдээлэлд үндэслэн сонголт хийх нөхцөлийг бүрдүүлэх, улмаар олон нийтийн итгэл, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах зорилго бүхий сонгуулийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангахад чиглэсэн байна.
Төрийн эрх барих дээд байгууллагын сонгуульд нэр дэвшиж буй иргэн нь нэгэнт хууль тогтоомжид тодорхой заасан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “… Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэж заасан. Иймээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар тогтоосон үүргээ нэр дэвшигч, нам, эвсэл урьдчилан мэдэж, түүнийг зөрчихөөс сэргийлэх боломжтой байна. Зөрчлийн тухай хуулийн дээрх зохицуулалт нь хүний эрхийг хязгаарлахад биш, харин тухайн этгээд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэхэд чиглэсэн хэм хэмжээ байна.
Түүнчлэн хууль тогтоогч сонгуулийн хууль тогтоомжийн дээр дурдсан зорилгод нийцүүлэн төрийн эрх барих дээд байгууллагын төлөөлөгчийг сонгох сонгуулийн харилцааны нийгмийн олон салбарт үзүүлэх ач холбогдол, эрэмбийг харгалзан шийтгэлийн хэмжээг хөнгөрүүлэхгүй байхаар хатуу хуульчилсан байна.
Иймд хууль тогтоогч Зөрчлийн тухай хуульд заасан зөрчилд хүлээлгэх шийтгэлийн хэмжээг тогтоохдоо өөрийн бүрэн эрхийн хязгаарыг даваагүй тохиолдолд Үндсэн хуулийн цэцээс хянаж, энэ талаар дүгнэлт гаргах нь хууль тогтоогчийн онцгой бүрэн эрхэд халдах нөхцөлийг бүрдүүлэхээр байна.
Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 14 дүгээр магадлалын үндэслэлд “… Төрийн бодлогын зарим асуудал … нь Үндсэн хуулиар онцгойлон хуваарилсан бодлогын асуудалд хамаарах тул зарим тохиолдолд үндсэн хуулийн маргааны шинжийг агуулдаггүй. Улсын Их Хурлын болон бусад эрх мэдлийн бүрэн эрхэд хадгалахаар хуваарилагдсан, Үндсэн хуулийн бичвэр, зарчим, үзэл баримтлалд уг маргааныг хянан шийдвэрлэхэд удирдлага болгох эрх зүйн шалгуур тусгагдаагүй, хүний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлаагүй, эрх мэдлээ хэтрүүлээгүй (ultra vires) зарим маргаан бүхий асуудлыг Цэцийн харьяалан шийдвэрлэх маргаанд үл хамаарах улс төрийн бодлогын асуудал гэж үзнэ … Энэ нь ард түмний итгэлийг хүлээж сонгогдсон, тэднийг төлөөлж, бодлого боловсруулж, хууль тогтоох үүрэг хүлээсэн хууль тогтоох байгууллагад Үндсэн хуулиар олгосон онцгой бүрэн эрх, сонгогчдын өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага, Үндсэн хуульд тусгасан эрх мэдэл хуваарилах зарчмыг хүндэтгэж буйн илрэл юм. …” гэж заасан.
Хууль тогтоогч Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27 дахь хэсэгт нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгохоор хуульчилсан нь Үндсэн хуулийн маргааны шинжийг агуулаагүй байх тул Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэж, дүгнэлт гаргах үндэслэлгүй үзэж, Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад гаргасан маргагч талуудын тайлбар, хуралдаанд бэлтгэх ажиллагааны явцад цугларсан бусад баримтаас үзэхэд уг асуудлын хүрээнд Зөрчлийн тухай хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох боломжтой гэж үзсэн байна.
Санамж: Энэхүү тоймыг олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэсэн тул Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 33 дугаар магадлалыг орлохгүй бөгөөд тус магадлалыг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.