Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов

  • Post author:

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн их суудлын хуралдаанаар Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэлээ.

Энэхүү хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт “Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, 2 дахь хэсэгт “Хүнийг … үзэл бодол …-оор нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “… Төрийн байгууллагад … сонгогдох эрхтэй. …” гэснийг зөрчсөн байх тул холбогдох заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай” 31 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцлоо.

Үндсэн хуулийн цэцийн дээрх 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг https://constitutionalcourt.mn/?page_id=5303, тус дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн Улсын Их Хурлын 2025 оны 31 дүгээр тогтоолыг https://constitutionalcourt.mn/?page_id=7243 холбоосоос үзнэ үү.