Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Их суудлын хуралдаанаас Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн гэж үзэж, хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Үндсэн хуульт ёс нь ардчилсан Үндсэн хуулийн мөн чанар бөгөөд дэлхий нийтийн зарчим болж хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтод тооцогддог. Тухайлбал, төрийн эрх мэдлийг Үндсэн хуулиар хязгаарлах нь хүний үндсэн эрх, эрх чөлөө болон түүнтэй адилтгах эрх (үндсэн эрх)-ийг хамгаалах урьдач нөхцөл болж, төрийн байгууллага, албан тушаалтан энэ хязгаар дотор өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж, хуулийн өмнө хариуцлага хүлээнэ. Үндсэн хуулийн эрх зүйн онол, нийтлэг чиг хандлагаар үндсэн хуульт ёс нь Үндсэн хуулийн агуулга, эрх мэдлийн уг сурвалж, хэм хэмжээний эрэмбэ, хэрэгжүүлэх баталгаа гэсэн дөрвөн шинжээр тодорхойлогдоно.
Нэгд, Үндсэн хуулиар тухайн нийгмийнхээ хэв журам, тогтвортой байдлыг хангах үүднээс төрийн эрх мэдлийн ерөнхий бүтцийг тогтоогоод зогсохгүй үндсэн эрхийг хамгаалах, төрийн эрх мэдлийг хуваарилах зэрэг суурь зарчмыг тусгаж хэрэгжүүлэх нь үндсэн хуульт ёсны агуулгын шаардлага болно. Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүрийг адилхан хүн гэж хүлээн зөвшөөрч хүний нэр төрийг нь хүндэтгэхийг төрд үүрэгжүүлж, хүн хувьдаа эдлэх үндсэн эрхийг цогцоор нь баталгаажуулж, нөгөө талаас Үндсэн хуулиар парламентын засгийг сонгож төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд хуваарилж, харилцан хяналт, тэнцлийг хангасан байна.
Хоёрт, Үндсэн хууль нь үндсэн эрх, төрийн эрх мэдлийн хуваарилалт зэрэг суурь эрхэмж (үнэт зүйл)-ийг хамгаалдаг учраас түүнийг батлах эрх мэдэл нь ердийн хууль тогтоох эрх мэдлээс өндөр түвшинд хамаарах бөгөөд эдгээр хоёр эрх мэдэл нь уг сурвалжийн хувьд ялгаатай. Үндсэн хуулийг баталж, улс төрийн шинэ дэглэмийг буюу үндсэн хуульт байгууллыг тогтоох анхдагч эрх мэдэл нь ард түмний эрх мэдэл (constituent power буюу бүрэлдүүлэх эрх мэдэл) байдаг бол ийнхүү тогтоосон дэглэм дотор өдөр тутам хэрэгжүүлдэг үүсмэл эрх мэдэл нь ердийн эрх мэдэл (constituted power буюу бүрэлдүүлсэн эрх мэдэл)-д хамаарна. Монгол Улсын Үндсэн хуулийг батлах бүрэн эрх бүхий Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлыг 1990 оны анхны ардчилсан сонгуулиар бүрдүүлсэн. Үндсэн хуулийн төслийг боловсруулж хэлэлцэж батлахад нэг жил хагасын хугацаа зарцуулж, иргэдийн оролцоо, улс төрийн зөвшилцөл, мэргэжлийн санал, дүгнэлтийг хэд хэдэн үе шатаар тусгасан учраас БНМАУ-ын Ардын Их Хурал нь ард түмний эрх мэдлийг хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Гуравт, Үндсэн хууль нь эрэмбийн хувьд тухайн улсын дотор үйлчилдэг хамгийн дээд хууль тул хууль болон эрх зүйн акт нь Үндсэн хуульд нийцэж байхыг үндсэн хуульт ёс шаардана. Хууль, эрх зүйн бүх акт Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн байхын ач холбогдлыг Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж байх үед онцолж байсан бөгөөд Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үндсэн хуулийг дээд эрэмбийн хууль гэж үзэж, түүнд хууль, бусад шийдвэр, үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байхаар заасан.
Дөрөвт, Үндсэн хуулийг тунхаглал төдий болгохгүйн тулд түүнийг чандлан сахиулах баталгааг бүрдүүлэх буюу үндсэн хуульт ёс нь Үндсэн хуулиар төрийн эрх мэдлийг хязгаарлах, хувь хүний үндсэн эрхийг хүндэтгэх болон төрийн эрх мэдлийг хуваарилах байдалд хяналт тавьж, баталгаажуулах механизмыг шаардана. Монгол Улсад төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж буй аль ч байгууллага, албан тушаалтан Үндсэн хуулийг зөрчих ёсгүй тул Үндсэн хуулийн цэц тэдгээрийн шийдвэр, үйл ажиллагаа Үндсэн хуульд нийцсэн эсэх маргааныг хянан шийдвэрлэж, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болдог.
Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийг боловсруулж батлахдаа эрх зүйт төрийг бий болгохыг зорьсон бөгөөд уг зарчмыг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хууль дээдлэх ёс гэж нэр томьёогоор тусгасан байна. Хууль дээдлэх ёс нь эрх зүйн байдлыг дордуулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхийг хориглох, аливаа хууль эрх зүйн тодорхой байдлыг хангах, үндсэн эрхийн хязгаарлалт хууль ёсны зорилгодоо тохирсон байх, хараат бус, шударга шүүхийн хяналтад байх зэрэг зарчмыг төдийгүй хүний үндсэн эрхийг баталгаатай хангах, төрийн эрх мэдэл хуваарилах, аливаа хууль, эрх зүйн акт Үндсэн хуульд нийцсэн байх зэрэг үндсэн хуульт ёсны шаардлагыг багтаасан өргөн агуулгатай.
Дээрхээс үзвэл 1992 оны Монгол Улсын Үндсэн хууль нь ард түмний бүрэн эрхт байдлыг хангасан журмаар хэлэлцэж баталсан, иргэний үндсэн эрхийг хамгаалж, төрийн эрх мэдэл хуваарилж, хяналт тэнцлийг хангах замаар төрийн эрх мэдэлд хязгаарлалт тогтоосон хувьдаа дээд хууль болж ердийн хууль, бусад шийдвэр, үйл ажиллагааг өөртөө нийцсэн байхыг шаардаж буй тул үндсэн хуульт ёс тогтсоныг илтгэнэ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль нь шинэ дэглэм тогтоох ард түмний эрх мэдлийг илэрхийлж, тэдгээрийн илүү дээд хүсэл зоригийг агуулдаг тул Монгол Улсын дээд хууль болж, төр нь Үндсэн хуулийг дагаж мөрдөж буйн хэрээр эрх зүйт төрийн шинжийг илтгэх бөгөөд Үндсэн хуулиа дээдэлж байвал тэр нь үндсэн хуульт төр мөн.
Үндсэн хуулийн Далдугаар зүйлд туссан Үндсэн хуульд нийцсэн байх зарчим нь эрх зүйн бүх актад үйлчилнэ. Тухайн актыг ямар байгууллага, албан тушаалтан гаргасан эсхүл хэм хэмжээ нь ямар төрөлд хамаарахаас үл хамаарч Үндсэн хуульд бүрнээ нийцэх учиртай. Үндсэн хууль бол хууль зүйн хамгийн дээд хүчин чадалтай учраас түүнийг хэрэгжүүлэх арга хэрэгслийн хувьд нэгдмэл, цогц, бусад бүх эрх зүйн хэм хэмжээнээс дээгүүр байна. Үндсэн хуульд нийцсэн байх зарчим нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цаг хугацаа, орон зайгаар хязгаарлагдахгүй үйлчилнэ. Хууль, бусад шийдвэр нь хүчин төгөлдөр үйлчилж буй тохиолдолд Үндсэн хуулийг дагаж мөрдөхөөс өмнө эсхүл дараа батлагдсан эсэхээс үл хамааран Үндсэн хуульд нийцсэн байх ёстой бөгөөд үүний баталгааг хангахын тулд үндсэн хуулийн хяналт хэрэгжих шаардлагатай. Үндсэн хуульд нийцээгүй хууль, бусад шийдвэр байх ёсгүй тул тэдгээрийг Үндсэн хуульд нийцсэн эсэхийг шүүхийн журмаар тогтоох, нийцээгүй хэм хэмжээг хүчингүй болгох боломжийг хаах ёсгүй.
Улсын Их Хурлаас 1997 онд баталсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэж заасан нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх хүрээг цаг хугацааны хүчин зүйлээр хязгаарласан байна. Ийнхүү хязгаарласнаар Үндсэн хуулийн цэц 1992 оны Үндсэн хуулийг дагаж мөрдөхөөс өмнө батлагдсан хууль, эрх зүйн актыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх боломжгүй болжээ. 1992 оны Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө гарсан хууль тогтоомж болон харьяаллын хүрээнд хамаарах маргаан бүхий бусад асуудлыг Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэхгүй тохиолдолд Үндсэн хуульд нийцээгүй хууль, бусад шийдвэр хүчин төгөлдөр үйлчлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө гарсан хууль, бусад шийдвэр нь 1992 оны Үндсэн хуулийн хяналтын гадуур үлдэж, тусдаа дэг журам үүсгэхээр байна. Үүний үр дүнд 1992 оны Үндсэн хуулийн дэг журам болон түүнээс гадуурх дэг журам бий болж, Монгол Улсын үндэсний эрх зүйн нэгдмэл орон зай эвдэгдэж, төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байх зарчим алдагдана.
Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр үйлчилж буй аливаа хууль, бусад шийдвэр хэзээ батлагдсан гэдгээс үл хамааран Үндсэн хуульд нийцэх, үүний биелэлтэд Үндсэн хуулийн цэц бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавих нь Үндсэн хуулийн үзэл баримтлал юм. Иймд Үндсэн хуулийн Жаран дөрөв, Жаран зургадугаар зүйлийн дагуу Үндсэн хуулийн цэц нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах хууль, бусад шийдвэр хэзээ батлагдсанаас үл хамааран Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэхээр байна.
Санамж: Энэхүү тоймыг олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэсэн тул Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 02 дугаар тогтоолыг орлохгүй бөгөөд тус шийдвэрийг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.