МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

MN | ENG

suld

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МАРГААН ХЯНАН

ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн журам

1 дүгээр зүйл. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг бүх талаас нь бүрэн гүйцэд, бодитой хянан үзэж, магадлан шийдвэрлэж Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгааг хангахад оршино.

2 дугаар зүйл. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль тогтоомж

Үндсэн хуулийн цэцэд /цаашид “Цэц” гэх/ маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хуулиас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Маргаан хянан шийдвэрлэх Цэцийн бүрэлдэхүүн

  1. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу томилогдсон Цэцийн гишүүд хэрэгжүүлнэ.
  2. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны бага суудал З, дунд суудал 5, их суудал 7-9 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.
  3. Цэцэд ирсэн өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг үндэслэн маргаан үүсгэх эсэх талаар Цэцийн гишүүний шийдвэрийн талаар гарсан гомдлыг З гишүүний бүрэлдэхүүнтэй; Цэцийн хуралдаанд оруулахаар маргаан үүсгэн шалгасан бүх асуудлыг анхлан шийдвэрлэх хуралдааныг 5 гишүүний бүрэлдэхүүнтэй; Цэцийн хуралдаанаас гаргасан дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй, урьд шийдвэрлэсэн маргааны талаар шинэ учир байдал илэрсэн, Цэцийн нийт гишүүдийн олонхийн саналаар дахин хянаж эцэслэн шийдвэрлэх хуралдааныг бүрэн бүрэлдэхүүнтэй , хэрэв энэ тохиолдолд зарим гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд оролцох боломжгүй бол Цэц маргааныг 7-гоос доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй тус тус хийнэ.
  4. Цэц энэ хуулийн 13 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт заасан албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн эсэх, түүнийг огцруулах болон эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх асуудлыг их суудал буюу 7-9 гишүүний бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ.
  5. Хэлэлцэж байгаа асуудлыг Цэцийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Тухайн асуудлаар цөөнх болсон гишүүд үндэслэлээ тайлбарлаж дахин санал хураалгах эрхтэй бөгөөд хоёр дахь санал хураалтаар нөгөө тал цөөнх болж дахин санал хураалгах хүсэлт, тайлбар гарсан бол гурав дахь санал хураалт явуулж, эцэст нь хоёр удаа олонхийн санал авснаар асуудлыг шийдвэрлэнэ.
  6. Цэцийн дүгнэлтийг дахин хянаж, асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр хувийн саналаар эцэслэн шийдвэрлэнэ. Хэрэв гишүүдийн гуравны хоёр хувийн санал авч чадаагүй бол уг хууль, тогтоол, зарлиг, бусад шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээний заалт хүчинтэй хэвээр үлдэнэ.
  7. Зөвлөлдөх тасалгаанд олонхитой санал нийлээгүй гишүүн саналаа тусгайлан бичгээр гаргаж, зөвлөлдөөний тэмдэглэлд хавсаргах эрхтэй.

4 дүгээр зүйл. Цэцэд маргааныг ил тод хянан шийдвэрлэх

  1. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг ил тод явуулна. Төрийн болон байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах, иргэдийн аюулгүй байдлыг хангах онцгой шаардлагатайгаас бусад тохиолдолд Цэцийн хуралдааныг нээлттэй хийнэ.
  2. Цэцийн нээлттэй хуралдаанд оролцогчид хуралдааны танхимд тэмдэглэл, соронзон бичлэг, түүнчлэн радио, телевизийн шууд нэвтрүүлэг хийх, кино болон фото зураг авах, дүрс бичлэг хийхийг зөвшөөрнө.

5 дугаар зүйл. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үгчилж явуулах

Цэцийн хуралдаанд маргагч талуудын тайлбар, дүгнэлт, санал, хүсэлт, мэтгэлцээнийг үгээр сонсох бөгөөд шийдвэр гаргахад шаардлагатай болон маргагч талуудын хүссэн бичиг баримт, материалыг нэгбүрчлэн уншиж сонсгоно.

6 дугаар зүйл. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны хэл

  1. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулна.
  2. Маргагч талууд монгол хэл мэдэхгүй бол түүнд хэлмэрчээр дамжуулан төрөлх буюу аль сайн мэдэх хэлээрээ ярих, ойлгох бололцоог Цэц олгоно. Хуралдаанд оролцож байгаа гэрч, шинжээч, бусад мэргэжилтэн монгол хэл сайн мэдэхгүй бол мэдүүлэг, дүгнэлт, тайлбараа төрөлх буюу сайн мэдэх хэлээрээ гаргаж хэлмэрчлүүлэх эрхтэй.
  3. Цэцийн хуралдааны тэмдэглэл болон бусад бүх бичиг баримтыг монгол хэлээр бичиж, гадаад хэл дээрх бичиг баримтуудыг монгол хэлээр орчуулсан байна.

7 дугаар зүйл. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг биечлэн явуулах

  1. Маргааныг хянан шийдвэрлэх хуралдааныг хуулиар тогтоосон журмын дагуу томилогдсон бүрэлдэхүүнээр эхнээс нь дуусах хүртэл биечлэн явуулна.
  2. Маргаан хянан шийдвэрлэх Цэцийн бүрэлдэхүүнд томилогдсон гишүүнийг хэн ч хуульд заасан үндэслэл, журмаас гадуур маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанаас татан гаргах эрхгүй.
  3. Маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн бүрэлдэхүүнд оролцсон гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар үргэлжлүүлэн ажиллах боломжгүй бол түүний оронд Цэцийн өөр гишүүнийг нөхөн томилж хуралдааны ажиллагааг эхнээс нь дахин шинээр явуулна.

8 дугаар зүйл. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй явуулах

  1. Цэцийн хуралдаан болон зөвлөлдөөн хууль тогтоомжид заасан амралтын цагаас бусад хугацаанд тасралтгүй явагдана.
  2. Цэцийн хуралдаан гэрч, мэргэжилтэн, шинжээч дуудах, томилох, шинээр нотлох баримт бүрдүүлэх, хуралдаанд үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон гишүүний оронд өөр гишүүнийг нөхөн томилох зэрэг шалтгаанаар завсарлаж болно.
  3. Цэцийн хуралдаан завсарласан хугацаанд өөр төрлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй.
  4. Тухайн хуралдаанаар маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл, байдал үүсвэл уг нөхцөл, байдлыг арилгах боломжтой хугацаагаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулна.
  5. Цэцийн хуралдааныг Цэцийн гишүүн солигдсон шалтгаанаар хойшлуулсан бол хуралдааныг эхнээс нь шинээр явуулна. Хуралдааны бусад оролцогчид өөрчлөгдсөн нь Цэцийн хуралдааныг хойшлуулсан үе шатнаас үргэлжлүүлэн явуулахад саад болохгүй.

9 дүгээр зүйл. Мэтгэлцэх

  1. Цэцийн хуралдаанд маргагч талууд, тэдгээрийн итгэмжилсэн төлөөлөгч, өмгөөлөгчид маргаж байгаа асуудлаар харилцан бие биедээ асуулт тавьж, хариулт авах, гомдлын шаардлага, татгалзлалын үндэслэл болсон нотлох баримтуудыг харилцан няцаах, энэ талаархи баримтуудыг зохих журмын дагуу гаргах, батлах зэргээр мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлнэ.
  2. Цэц маргагч талуудад чөлөөтэй мэтгэлцэх бололцоо олгоно.

10 дугаар зүйл. Цэц нууц зөвлөлдөх

  1. Цэцийн шийдвэр гаргах гишүүдийн зөвлөлдөөнийг тусгай тасалгаанд хийнэ.
  2. Цэцийн зөвлөлдөөн хийж байгаа тасалгаанд хуралдааны бүрэлдэхүүнд орсон гишүүд, зөвлөлдөөний тэмдэглэл хөтлөх хуралдааны нарийн бичгийн даргаас өөр хүн орохыг хориглоно. Зөвлөлдөх тасалгаанд гишүүдийн гаргасан саналыг задруулахыг хориглоно.

11 дүгээр зүйл. Цэцийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх

  1. Цэц шийдвэрээ Монгол Улсын Үндсэн хуулийн нэрийн өмнөөс гаргана.
  2. Цэцийн шийдвэр нь Үндсэн хууль, Үндсэн хуулийн цэцийн тухай хууль болон энэ хуулийн холбогдох заалтын үг үсэг, утга санаанд бүрэн нийцсэн нөхцөлд хууль ёсны болно.

Цэц болон Цэцийн гишүүн Үндсэн хууль болон Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн заалттай харшлаагүй бусад хуулийн заалтыг удирдлага болгож болно.

  1. Маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг хуралдааны үед бүх талаас нь бүрэн гүйцэд, бодитой хянан үзэж, гарах дүгнэлтийг нотлох баримтуудаар хангалттай баталсан нөхцөлд Цэцийн шийдвэр үндэслэлтэй болно.
  2. Цэцийн эцсийн шийдвэр нь гармагц хүчин төгөлдөр болно.

12 дугаар зүйл. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа хараат бус байх

  1. Маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа Цэцийн гишүүн аливаа байгууллага, албан тушаалтан, бусад иргэнээс хараат бус байж, гагцхүү Үндсэн хуульд захирагдан, дотоод итгэлээрээ асуудлыг шийдвэрлэнэ.
  2. Цэцийн гишүүн албан үүргээ гүйцэтгэхдээ аль нэг этгээдийг төлөөлөхгүй.
  3. Албан тушаалтан, иргэн хэн боловч Цэцийн гишүүнээс маргаан хянан шийдвэрлэх үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шахалт дарамт үзүүлэх, бусад хэлбэрээр нөлөөлөхийг хориглоно.
  4. Цэцийн гишүүн хянан шалгаж байгаа маргааны талаархи саналаа урьдчилан хэлэх, энэ талаар бусдад зөвлөгөө өгөх эрхгүй.

13 дугаар зүйл. Маргааны харьяалал

  1. Цэц Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай дор дурдсан маргааныг хянаж дүгнэлт гаргах бөгөөд шаардлагатай бол дахин хянаж, эцэслэн шийдвэрлэнэ:

1/ хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр;

2/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, бусад шийдвэр;

3/ Засгийн газрын шийдвэр;

4/ Монгол Улсын олон улсын гэрээ;

5/ ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний болон Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр.

  1. Цэц дор дурдсан албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудлаар гарсан маргааныг хянаж дүгнэлт гаргана:

1/ Монгол Улсын Ерөнхийлөгч;

2/ Улсын Их Хурлын дарга;

3/ Улсын Их Хурлын гишүүн;

4/ Ерөнхий сайд;

5/ Засгийн газрын гишүүн;

6/ Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч;

7/ Улсын ерөнхий прокурор.

  1. Цэц дор дурдсан албан тушаалтнуудыг огцруулах болон эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх талаар дүгнэлт гаргана:

1/ Монгол Улсын Ерөнхийлөгч;

2/ Улсын Их Хурлын дарга;

3/ Ерөнхий сайд;

4/ Улсын Их Хурлын гишүүн.

  1. Цэцэд ирүүлсэн маргааны шаардлагын зарим нь Цэцэд, зарим нь өөр шүүх буюу бусад байгууллагад харьяалалтай байвал Цэц зөвхөн өөрийн харьяалалтай маргааны шаардлагыг шийдвэрлээд бусдын харьяалах маргааны шаардлагыг шийдвэрлэхээс татгалзана. Энэ нь тэр маргааныг харьяалах байгууллагаас хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болохгүй.

14 дүгээр зүйл. Хэргийн харьяалал тогтоох

Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ.

15 дугаар зүйл. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээ

  1. Цэц нь Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавьж түүнийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэнэ.
  2. Үндсэн хуулиас бусад хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг Цэц харьяалан шийдвэрлэхгүй.
  3. Цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг зөвхөн өргөдөл, мэдээлэл, хүсэлтээр үүсгэн явуулна.

Хэрэв эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон хууль болон бусад шийдвэрийн заалтыг шууд буюу агуулгаар нь дахин сэргээвэл Цэцийн аль нэг гишүүний санаачилгаар Цэц хяналтын журмаар хянан шийдвэрлэж болно.

  1. Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ.

16 дугаар зүйл. Цэцэд өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргах

  1. Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар өргөдөл, мэдээллийг иргэд; хүсэлтийг Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор гаргах эрхтэй.
  2. Цэцэд өргөдөл, мэдээлэл гаргах эрхийг Монгол Улсын иргэдээс гадна Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор оршин суугаа гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн эдэлнэ.

17 дугаар зүйл. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч

  1. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нь:

1/ Цэцийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэх өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргасан иргэд, эрх бүхий албан тушаалтан, байгууллага, түүнчлэн Үндсэн хууль зөрчсөн гэж маргаан үүсгэсэн хууль, бусад шийдвэрийг гаргасан буюу үйл ажиллагаа явуулсан байгууллага, албан тушаалтан;

2/ албан тушаалын байдлаар буюу зохих журмын дагуу томилогдсон итгэмжилсэн төлөөлөгч, өмгөөлөгч байна.

  1. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжилсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу томилогдсон байна.

18 дугаар зүйл. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрх, үүрэг

  1. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчид нь тус тусын бүрэн эрхийн хүрээнд адил тэгш эрх эдэлнэ.
  2. Маргагч талууд Цэцэд хянаж байгаа маргааны материалтай танилцах, холбогдох бичиг баримтыг хуулбарлан авах, тэмдэглэл хийх, нотлох баримтыг

гаргаж өгөх, нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагаанд оролцох, хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан бүх асуудлын талаар өөрийн санал, дүгнэлтийг гаргах, маргаан хянан шийдвэрлэх хуралдаанд чөлөөтэй мэтгэлцэх, шаардлагатай гэж үзэж байгаа бол төгсгөлийн үг хэлэх, хүсэлт тавих эрхтэй.

  1. Оролцогч талууд Цэцийн хуралдааны бүрэлдэхүүнээс татгалзан гаргах саналыг хуульд заасан үндэслэлийн дагуу тавих эрхтэй.
  2. Цэцэд өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргасан тал хянаж байгаа асуудлын хүрээнд Цэцийн хуралдаан зөвлөлдөхөөр завсарлахаас өмнө аль ч шатанд өөрийн шаардлагын үндэслэл, зүйлийг өөрчлөх, хэмжээг ихэсгэх, багасгах болон шаардлагаас бүхэлд нь буюу зарим хэсгээс нь татгалзах эрхтэй.
  3. Маргаан хянан шалгах ажиллагаанд оролцож байгаа маргагч талууд өөрсдийн шаардлагын үндэслэл болон сөрөг шаардлагыг эсэргүүцэж байгаа үндэслэлээ батлах бичиг баримтыг бүрдүүлж, нөхцөл байдлыг нотлох үүрэгтэй.
  4. Маргаан хянан шалгах ажиллагаанд оролцогч Цэцийн хуралдааны дэгийг чанд сахих, хуралдаан даргалагчид захирагдах үүрэгтэй.
  5. Маргаан хянан шалгах ажиллагаанд оролцогч Цэцийн хуралдааны дэгийг дахин зөрчих, Цэц болон түүний гишүүдэд хуурамч бичиг баримт өгвөл Цэцийг хүндэтгээгүй үйлдэл гэж үзэж зохих хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

19 дүгээр зүйл. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны зардал

  1. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагчийн болон бусад шаардлагатай зардлыг улсын төсвөөс төлнө.
  2. Цэцэд маргаан хянан шалгах ажиллагааг үүсгэх үндэслэл болсон өргөдөл, мэдээлэл гаргасан иргэн орон нутагт оршин суудаг бол түүнийг Цэцийн хуралдаанд оролцсонтой холбогдсон зардлыг:

1/ уг иргэний өргөдөл, мэдээлэл үндэслэлтэй гэж тогтоогдсон бол Үндсэн хууль зөрчсөн хууль, зарлиг, бусад шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтан буюу Үндсэн хууль зөрчсөн албан тушаалтан;

2/ хэрэв өргөдөл, мэдээлэл нь үндэсгүй болж тогтоогдсон бол уг иргэн өөрөө хариуцна.


ХОЁРДУГААР БҮЛЭГ
Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг 
үүсгэх, хуралдаанд бэлтгэх

20 дугаар зүйл. Цэцэд өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргах

  1. Иргэн, байгууллага, албан тушаалтан Цэцэд өргөдөл, мэдээлэл, хүсэлтээ бичгээр гаргах бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана:

1/ өөрийн нэр, хаяг, оршин суугаа газар, харилцах хэлбэр;

2/ түүний итгэмжилсэн төлөөлөгч буюу өмгөөлөгчөөр оролцох хүний нэр, хаяг, албан тушаал, бусад шаардлагатай мэдээлэл;

3/ Үндсэн хуульд нийцээгүй гэж үзэж байгаа хууль тогтоомжийн нэр, батлан гаргасан он, сар, өдөр, дугаар, түүнчлэн Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа албан тушаалтны нэр, хаяг үйл ажиллагааны талаар;

4/ өөрийн шаардлагын үндэслэл, бусад нөхцөл байдал, тэдгээрийн нотолгоо;

5/ маргаж байгаа асуудлын талаархи өөрийн байр суурь;

6/ Цэцээр шийдвэрлүүлэхээр тавьж байгаа шаардлага;

7/ Үндсэн хууль болон энэ хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг үндэслэн Цэцэд хандаж байгаа;

8/ хавсаргасан бичиг баримт болон холбогдох хүмүүсийн нэрсийн жагсаалт, тодорхой хаяг.

  1. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргасан этгээдийн итгэмжилсэн төлөөлөгч оролцох бол итгэмжлэл, түүнчлэн монгол хэлээс өөр хэл дээрх бичиг баримт хавсаргаж байгаа бол түүний орчуулгыг заавал хавсаргана.
  2. Цэц нэргүй өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг хүлээж авахгүй.

21 дүгээр зүйл. Цэцэд өргөдөл, мэдээлэл хүсэлтийг хүлээн авах

  1. Иргэн, байгууллага, албан тушаалтнаас Цэцэд гаргасан өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг Цэцийн дарга уг асуудлыг хянан шалгах гишүүнд хуваарилна.
  2. Үндсэн хууль зөрчсөн тухай иргэнээс гаргасан өргөдөл, мэдээллийг хүлээн авсан гишүүн анхны шалгалтыг 14 хоногийн дотор хийж маргаан үүсгэх эсэхийг өөрийн санаачилгаар шийдвэрлэнэ.
  3. Цэцэд хандах эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан хүсэлтийг хүлээн авсан Цэцийн гишүүн маргаан шууд үүсгэж шалгана.
  4. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх талаархи Цэцийн гишүүний шийдвэрийг маргагч талууд буюу Цэцийн аль нэг гишүүн эс зөвшөөрч гомдол, санал бичгээр гаргасан бол Цэцийн даргын тогтоолоор томилсон З гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэхийг шийдвэрлэж магадлал гаргана.
  5. Цэцийн гишүүн иргэнээс гаргасан өргөдөл, мэдээллийг урьдчилан шалгаж дор дурдсан үндэслэл байвал маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзаж тогтоол гаргана:

1/ өргөдөл, мэдээлэл нь энэ хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй;

2/ өргөдөл, мэдээлэл гаргагч нь Цэцэд хандах эрх бүхий этгээд биш;

3/ өргөдөл, мэдээллээр тавьсан шаардлага Цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан биш;

4/ уг маргааны талаар Цэцийн урьд гаргасан дүгнэлт, тогтоол хүчинтэй байгаа.

22 дугаар зүйл. Цэцийн гишүүн татгалзан гарах

  1. Цэцийн гишүүнийг энэ хуульд зааснаас өөр үндэслэлээр маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргаж үл болно.
  2. Цэцийн гишүүн дараахь үндэслэл байвал маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарна:

1/ хянан хэлэлцэж байгаа асуудлыг урьд өмнө шүүхийн болон захиргааны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож байснаас хойш 2 жил өнгөрөөгүй бол;

2/ маргагч талууд буюу тэдгээрийн төлөөлөгчидтэй ойрын төрөл садан бол.

/Дээрх 22 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2005 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

  1. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэл байвал Цэцийн гишүүн энэ тухай өөрөө мэдэгдэж маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үүрэгтэй. Маргагч талууд дээрх үндэслэлээр Цэцийн гишүүнийг татгалзан гаргах хүсэлт тавих эрхтэй.
  2. Цэцийн гишүүн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах асуудлыг Цэцийн хаалттай хуралдаанаар хэлэлцэж магадлал гаргана.
  3. Маргааныг шалгасан Цэцийн гишүүн татгалзан гарвал уг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг шинээр эхэлнэ.

Цэцийн хуралдаанд оролцсон Цэцийн бусад гишүүдээс татгалзан гарвал хуралдааныг эхнээс нь явуулна.

23 дугаар зүйл. Цэцийн хуралдаанд бэлтгэх

  1. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байгаа гишүүн уг маргааныг Цэцийн хуралдаанд хэлэлцүүлэхээр дараахь ажиллагааг хийнэ:

1/ маргагч талуудад өргөдөл, мэдээлэл, хүсэлт, гомдлын, хуулбарыг гардуулж, маргаанд оролцох итгэмжилсэн төлөөлөгчөө томилох тухай мэдэгдэх;

2/ маргагч талуудад энэ хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, Цэцэд шинээр нотлох баримт гаргахад нь туслах;

3/ маргагч талууд болон тэдгээрийн итгэмжилсэн төлөөлөгчийг асууж, тайлбар, тодорхойлолт гаргуулах;

4/ маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой бичиг баримт, бусад мэдээллийг шаардан гаргуулах;

5/ маргаантай холбогдол бүхий албан тушаалтан бусад хүмүүсийг асууж тодорхойлолт авах;

6/ шаардлагатай бол эрдэмтэн, мэргэжилтэн оролцуулах, тусгай мэргэжлийн шинжээч томилон ажиллуулах, дүгнэлт гаргуулах;

7/ гэрчээс тодорхойлолт авах;

8/ нэг асуудлаар хоёр буюу хэд хэдэн өргөдөл, мэдээлэл, хүсэлт байгаа бол тэдгээрийг нэгтгэх, нэг өргөдөл, мэдээлэл, хүсэлтэд хоёр буюу хэд хэдэн өөр шаардлага тавьсан бол тэдгээрийг тусгаарлах тогтоол гаргах;

9/ маргагч талууд харилцан ойлголцож өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргасан тал нь шаардлагаасаа сайн дураараа татгалзвал маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг татгалзах тогтоол гаргах;

10/ цугларсан бичиг баримтад үндэслэн Цэцийн хуралдааны шийдвэрийн тэмдэглэх, тодорхойлох хэсгийн төслийг бэлтгэх;

11/ маргааныг бүрэн гүйцэд, бодитой шийдвэрлэхэд шаардагдах бусад бэлтгэл ажиллагаа.

  1. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэснээс хойш хуралдаанд бэлтгэх ажиллагааг 30 хоногийн дотор гүйцэтгэх бөгөөд маргаан ээдрээ, төвөгтэй шалтгаанаар дээрхи хугацаанд дуусахгүй бол Цэцийн дарга 30 хүртэл хоногоор сунгаж болно.
  2. Онц болон дайны байдал зарласан, түүнчлэн цэрэг хөдөлгөх шийдвэртэй холбогдсон маргааныг хянан шийдвэрлэх бэлтгэл ажиллагааг 3 хоногийн дотор гүйцэтгэнэ.
  3. Онц хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх асуудлыг хянан хэлэлцэх хуралдааны бэлтгэлийг хангахын тулд Цэцийн даргын тогтоолоор хоёр буюу хэд хэдэн гишүүнийг томилон ажиллуулж болно.
  4. Байгууллага, албан тушаалтан, иргэн Цэцийн гишүүний шаардсан бичиг баримтыг хугацаанд нь гаргаж өгөх үүрэгтэй.

24 дүгээр зүйл. Цэцийн хуралдааныг зарлах

  1. Цэцийн гишүүн маргааныг Цэцийн хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл ажиллагааг дууссан гэж үзвэл түүнийг Цэцийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шилжүүлэх тухай тогтоол гаргана.
  2. Цэцийн хуралдааныг нээлттэй хийнэ. Улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, төрийн болон байгууллага, хувь хүний хуулиар хамгаалсан нууцтай холбоотой асуудлыг Цэцийн хаалттай хуралдаанаар хэлэлцэх бөгөөд маргааныг Цэцийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шилжүүлэх тогтоолд энэ тухай заана.
  3. Цэцийн гишүүн нь хуралдааныг нээлттэй буюу хаалттай хийх, мөн Цэцийн даргатай зөвшилцөн хуралдаан болох газар, өдөр, цагийг товлож энэ хуулийн 2З дугаар зүйлийн З дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд 7 хоногийн өмнө төрийн төв хэвлэлд нийтэлж зарлана.
  4. Маргагч талууд, гэрч, шинжээч болон бусад оролцогчдод Цэцийн хуралдаан болох газар, өдөр, цагийг албан ёсоор мэдэгдэнэ.


ГУРАВДУГААР БҮЛЭГ
Маргааныг Цэцийн хуралдаанаар 
хянан шийдвэрлэх

25 дугаар зүйл. Цэцийн хуралдаанд хүндэтгэл үзүүлэх

  1. Цэцийн хуралдааныг Монгол Улсын төрийн сүлд, далбааг хүндэтгэлтэй байрлуулсан танхимд хийнэ.
  2. Цэцийн бүрэлдэхүүнийг орж ирэхэд танхимд байгаа хүмүүс суудлаасаа босож хүндэтгэнэ.
  3. Цэцийн хуралдаанд оролцох гишүүд тусгай өмсгөлтэй байна.

26 дугаар зүйл. Цэцийн хуралдааныг нээх

  1. Цэцийн хуралдааныг Цэцийн даргын тогтоолоор томилсон хуралдаан даргалагч, гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр хийнэ.
  2. Хуралдааны эхэнд маргагч талууд болон гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагчдын ирцийн талаар нарийн бичгийн дарга танилцуулна.
  3. Хуралдаан даргалагч хуралдааныг нээж, хэлэлцэх асуудлыг зарлана.
  4. Хуралдаан даргалагч маргагч талуудад эрх, үүрэг, хариуцлагыг нь тайлбарлан танилцуулна.
  5. Хуралдаан даргалагч маргаан хянан шийдвэрлэх Цэцийн бүрэлдэхүүнийг танилцуулна.
  6. Маргагч талуудаас гэрч оролцуулах, шинжээч томилуулах, шинээр нотлох баримт гаргах, хуралдааны бүрэлдэхүүнээс гишүүнийг татгалзан гаргах санал байгаа эсэхийг асууж шийдвэрлэнэ.
  7. Хуралдаан даргалагч шаардлагатай гэж үзвэл гэрчийг танхимаас гаргана.
  8. Хуралдаан даргалагч Цэцийн хуралдааны дараалал, дотоод журмыг танилцуулж маргагч талууд болон танхимд байгаа хүмүүст хуралдаан даргалагчид захирагдах үүрэгтэйг сануулна.

27 дугаар зүйл. Цэцийн хуралдаанд оролцогч тал хүрэлцэн ирээгүйн холбогдол

  1. Маргагч тал болон гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч Цэцийн хуралдаанд хүрэлцэн ирээгүй бол түүний шалтгааныг тодруулна.
  2. Маргагч тал хуралдаан болох газар, байр, сар, өдөр, цагийн тухай албан ёсны мэдэгдэл авсан боловч хүндэтгэн үзэх ямар нэгэн шалтгаан заасан саналаа ирүүлээгүй, өөрийн нь эзгүйд асуудлыг шийдвэрлэхийг зөвшөөрснөө бичгээр ирүүлсэн бол хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.
  3. Маргагч тал хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд өөрөө заавал биечлэн оролцох хүсэлтээ албан ёсоор мэдэгдсэн бол хуралдааныг хойшлуулах тухай магадлал гаргаж, түүнд уг хуралдааныг хийх хугацааг заах буюу тийм боломжгүй бол дараа зарлахаар тогтооно.
  4. Гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч хүрэлцэн ирээгүй бол хуралдааны хийх эсэхийг тухай бүр хэлэлцэн шийдвэрлэнэ.

28 дугаар зүйл. Цэцийн хуралдаанд маргаан хянан хэлэлцэх

  1. Цэцийн хуралдаанд маргаан хянан хэлэлцэх ажиллагаа уг маргааныг урьдчилан шалгасан Цэцийн гишүүний илтгэлийг сонссоноор эхэлнэ.

Цэцийн гишүүн илтгэлдээ маргааны гол агуулга, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрийн урьдчилсан дүгнэлт, саналгүйгээр танилцуулна.

  1. Гишүүний илтгэлийг сонссоны дараа хуралдаанд маргагч талуудаас нэмэлт тайлбар байгаа бол өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргасан талаас эхэлж ээлж дараалан сонсоно.
  2. Нотлох баримтыг шинжлэн судлах, гэрч, шинжээч, мэргэжилтнүүдийн мэдүүлэг, дүгнэлт сонсох ажиллагаа явуулах бөгөөд дарааллыг хянан хэлэлцэж байгаа маргаан тус бүрийн онцлогийг харгалзан хуралдаан даргалагч тогтооно.
  3. Оролцогч талууд харилцан мэтгэлцэх бөгөөд ээлж дарааллыг хуралдаан даргалагч тогтооно.
  4. Цэцийн бүрэлдэхүүнд орсон гишүүд хуралдааны аль ч шатанд хуралдаан даргалагчийн зөвшөөрөлтэйгээр хэнээс боловч асуулт тавьж, хариулт авах эрхтэй.
  5. Бүх нотлох баримтыг шалгаж, мэтгэлцээн, асуулт, хариулт дууссаны дараа маргагч талуудад төгсгөлийн үг хэлж, хүсэлт гаргах санал байгаа бол сонсоно. Дараа нь шийдвэр гаргахаар Цэцийн хуралдаан завсарлаж байгааг хуралдаан даргалагч зарлана.
  6. Цэцийн хуралдааны явцад маргааныг нэгтгэх, тусгаарлах асуудал гарвал, энэ тухай магадлал гаргана.

29 дүгээр зүйл. Цэц шийдвэр гаргахаар зөвлөлдөх

  1. Цэц шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд гаргана. Цэцийн шийдвэрийг хуралдаанд оролцсон аль нэг гишүүн бичнэ.
  2. Зөвлөлдөх тасалгаанд асуудал шийдвэрлэхэд Цэцийн хуралдаанд оролцсон гишүүн бүр адил тэгш эрхтэй бөгөөд тухайн шийдэх гэж байгаа асуудлын талаар өөрийн санал, байр сууриа чөлөөтэй илэрхийлж, тайлбарлах эрхтэй.
  3. Цэцийн шийдвэрийг тухайн хуралдаанд оролцсон гишүүд зөвлөлдөх тасалгаанд хаалттай хуралдаанаар хэлэлцэж гаргахдаа уг маргааныг хуралдаанд илтгэсэн гишүүн өөрийн санал, дүгнэлтийг эхэлж гаргах бөгөөд түүний дараа хуралдаанд оролцсон гишүүдийн хамгийн ахмад настай гишүүнээс эхлэн насны эрэмбээр дүгнэлт, саналаа хэлж, хуралдаан даргалагч эцэст нь саналаа гаргана.
  4. Цэцийн хуралдаанд оролцсон гишүүн зөвлөлдөх тасалгаанд асуудал шийдвэрлэхэд саналаа заавал өгнө.
  5. Цэц зөвлөлдөх тасалгаанд шийдвэрээ гаргасны дараа хуралдаан даргалагч болон бусад гишүүд бүгд гарын үсэг зурж, хуралдаан даргалагч буюу түүний даалгаснаар аль нэг гишүүн нийтэд уншиж сонсгоно.
  6. Цэцийн хуралдаанд оролцсон гишүүдийн санал тэнцсэн, маргааны талаар нэмэлт шалгалт хийх шаардлагатай болсон бол Цэц уг маргааныг 30 хоногийн дотор дахин хянан хэлэлцэж шийдвэрлэхээр хойшлуулж, энэ тухай магадлал гаргана.

30 дугаар зүйл. Маргааныг дахин хянан шийдвэрлэх

  1. Маргааныг дараахь үндэслэлээр хуралдаанд бэлтгэх шатнаас эхлэн дахин хянан шийдвэрлэнэ:

1/ Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй;

2/ урьд шийдвэрлэсэн маргааныг дахин хянан шийдвэрлэх талаар Цэцийн гишүүдийн олонхи санал гаргасан;

3/ шинэ нөхцөл байдал илэрсэн.

  1. Цэцийн дарга маргааныг дахин хянан шийдвэрлэх тухай тогтоол гаргана.
  2. Маргааныг дахин хянан шийдвэрлэхэд энэ хуульд заасан журмыг баримтлах бөгөөд харин уг маргааныг урьд нь шалгасан Цэцийн гишүүн дахин шалгаж болохгүй.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Цэцийн шийдвэр

31 дүгээр зүйл. Цэцийн шийдвэрийн хэлбэр

  1. Цэцийн шийдвэр нь дүгнэлт, тогтоол, магадлал гэсэн хэлбэртэй байна.
  2. Цэц энэ хуулийн 1З дугаар зүйлийн 1, 2, З дахь хэсэгт заасан маргааныг хянан шийдвэрлэж дүгнэлт; мөн зүйлийн 1 дэх хэсэгт заасан маргааныг дахин хянан шийдвэрлэж тогтоол; энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан маргаан болон дунд, их суудлын бүрэлдэхүүнтэй хуралдааны явцад шийдвэрлэсэн асуудлаар магадлал гаргана.

32 дугаар зүйл. Цэц шийдвэр гаргах

  1. Өргөдөл, мэдээлэл, хүсэлтэд тавьсан шаардлагыг бүрэн хангах буюу хэрэгсэхгүй болгох, эсхүл зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэр гаргана. Ийнхүү шийдвэрлэхдээ гагцхүү хуралдааны явцад батлагдсан баримт нотолгоог үндэслэнэ.
  2. Хуралдаанаас гаргах дүгнэлтийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар; маргааныг эцэслэн шийдвэрлэхээр дахин хянаж байгаа хуралдаанаас гаргах тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар гаргана.
  3. Цэцийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг нэн даруй уншин сонсгоно.
  4. Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гарснаар тухайн хууль, зарлиг, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ болон тэдгээрийн холбогдох зүйл, заалтын үйлчилгээ нь Цэцийн эцсийн шийдвэр гарах хүртэл түдгэлзэнэ. Түдгэлзүүлж эхлэх хугацааг Цэц дүгнэлтдээ тусгайлан заана.

/Энэ хэсгийг 2005 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн/

33 дугаар зүйл. Цэцийн шийдвэрийн агуулга

Цэцийн шийдвэрт дараахь зүйлийг тусгана:

1/ шийдвэрийн нэр, гаргасан он, сар, өдөр, цаг, газар, байр;

2/ Цэцийн хуралдааныг даргалагч, оролцсон гишүүд, нарийн бичгийн даргын нэр;

3/ маргагч талууд, тэдгээрийн итгэмжилсэн төлөөлөгч, өмгөөлөгч, орчуулагч, гэрч, шинжээчийн нэр;

4/ өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргагчийн нэр, тэдгээрийн тавьсан шаардлага;

5/ тухайн маргааныг Үндсэн хууль, Үндсэн хуулийн цэцийн тухай болон энэ хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг баримтлан хэлэлцсэн;

6/ үйл ажиллагаа буюу шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн гэж маргаж байгаа албан тушаалтны нэр, хаяг, эрхэлсэн ажил;

7/ Цэцийн хуралдаанаар хянан хэлэлцээд тогтоосон нөхцөл, байдал;

8/Цэцийн шийдвэрийн үндэслэл болон нотлох баримт, материалын тухай дүгнэлт;

9/ Цэцээс шийдвэр гаргахдаа удирдлага болгосон хуулийн зүйл, хэсэг, заалт;

10/ Цэцээс маргааныг хэрхэн шийдвэрлэсэн тухай буюу энэ хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, шийдвэрийн Үндсэн хууль зөрчсөн гэх заалт тус бүрээр, Үндсэн хуулийн зөрчигдсөн заалт бүрийг.

/Энэ заалтад 2009 оны 07 сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

34 дүгээр зүйл. Цэцийн шийдвэрийг мэдээлэх

  1. Цэцийн шийдвэрийн товч агуулгыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд нэн даруй мэдээлнэ. Цэцийн хаалттай хуралдааны шийдвэрээс шаардлагатай хэсэг, заалтын агуулгыг нийтэд мэдээлнэ.
  2. Цэцийн нээлттэй хуралдааны шийдвэрийг бүрэн эхээр нь “ Төрийн мэдээлэл” сэтгүүлд нийтэлнэ.

35 дугаар зүйл. Цэцийн хуралдааны тэмдэглэл

  1. Цэцийн хуралдааны явцыг тасралтгүй, үгчлэн тэмдэглэнэ.
  2. Цэцийн хуралдааны тэмдэглэлд дараахь зүйлийг тусгана:

1/ хуралдаан болсон он, сар, өдөр, газар, байр, хуралдаан эхэлсэн, дууссан цаг, минут;

2/ хуралдаан даргалагч, оролцсон гишүүд, нарийн бичгийн даргын нэр;

3/ маргагч талууд болон бусад оролцогчдын нэр, эрхэлсэн ажил;

4/ хянан шийдвэрлэсэн маргааны утга;

5/ хуралдааны бүрэн явц;

6/ маргагч талууд, тэдгээрийн итгэмжилсэн төлөөлөгч, гэрч, шинжээчээс гаргасан мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, хүсэлт, асуулт, хариулт;

7/ хуралдааны явцад гарсан зарим асуудлыг шийдвэрлэсэн ам магадлал;

8/ бусад.

  1. Зөвлөлдөөний тэмдэглэлийг хуралдааны нарийн бичгийн дарга тусгайд нь хөтөлнө. Уг тэмдэглэлийг байгууллагын нууцын зэрэгт хамааруулан хадгална.
  2. Хуралдааны тэмдэглэлийг аль болох бүрэн гүйцэд хөтлөхийн тулд техник хэрэгсэл ашиглах бөгөөд түүнийг 7 хоногоос хэтрэхгүй хугацаанд бэлэн болгож маргаан хянан шийдвэрлэсэн материалд хавсаргана.
  3. Тэмдэглэлд хуралдаан даргалагч, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.

36 дугаар зүйл. Цэцийн шийдвэрийг биелүүлэх

  1. Цэцийн шийдвэрийг Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Хууль зүйн яам, маргагч талууд болон “Төрийн мэдээлэл” сэтгүүлд тус тус хүргүүлнэ.
  2. Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор; хэрэв Улсын Их Хурлын чуулганы чөлөөт цагт гаргасан бөгөөд тэр нь онц болон, дайны байдал зарласнаас бусад асуудлаар гарсан бол Улсын Их Хурлын дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
  3. Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй тогтоол гаргасан бол түүний үндэслэлийг Цэц бүрэн бүрэлдэхүүнтэй хуралдаанаар маргааныг эхнээс нь дахин хэлэлцэж, Улсын Их Хурал дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэл зөв болох нь нотлогдвол өмнөх дүгнэлтээ хүчингүй болгох, хэрэв үндэслэл нь батлагдахгүй бол Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болгож тогтоол гаргана.
  4. Цэцийн эцсийн шийдвэрээр Үндсэн хууль зөрчсөн гэж тогтоогдсон хууль Цэцийн тогтоол гармагц хүчингүй болно.



                                                                        МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                 Р. ГОНЧИГДОРЖ





МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.