Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан: “Улсын хувь заяатай холбоотой асуудлыг нийт ард түмний хүсэл зоригт нийцүүлэн шийдэх боломж бүхий засаглалыг бүрдүүлсэн нь анхдугаар Үндсэн хуулийн түүхэнд гүйцэтгэсэн чухал үүрэг” гэв

  • Post author:

     Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Үндсэн хуульт ёс: Өнгөрсөн, одоо, ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан оролцож үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ:

      “Хүндэт хатагтай, ноёд оо,

       Эрхэм хүндэт зочид оо,

     Энд хуран цугласан Та бүхэнд Монгол Улсын Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойн баярын чин сэтгэлийн мэндчилгээг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нэрийн өмнөөс дэвшүүлье!

     Одоогоос 100 жилийн тэртээ Монголчууд Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах Улсаа тунхагласан энэ өдөр, Үндсэн хуульт ёсны үндэс суурийг тавихын төлөө зүтгэсэн өвгөд дээдсийн хичээл зүтгэл, агуу чин зориг, хүсэл тэмүүллийг Та бидэнд дахин сануулж, тухайн үеийн эх орончдын өнөөгийн цаг үе, өнө хойч ирээдүйн төлөө хийж чадсан зоримог үйл хэргээр омогших сэтгэл төрүүлж байна.

     Монголчуудын хууль цаазын түүх мянганаар хэмжигддэг бол Үндсэн хуульт ёсны хөгжил зуунаар тоологддог юм. Хорьдугаар зуун бол Монгол Улсын төдийгүй дэлхийн улс орнуудын хувьд төр ёс, хууль цаазын хөгжлийн нэн шинэ үеийг тодорхойлоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн, гүн гүнзгий өөрчлөлт, хувьсал бүхий эрин үе байв.

     1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улсын анхдугаар Их хурал БНМАУ-ын анхны Үндсэн хуулийг баталж, “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй Ард Улс хэмээж, Улсын дээд эрхийг жинхэнэ ардад эзлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгүүлэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино” гэж заажээ. Ийнхүү Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж түүний үндэс тулгуурыг бэхжүүлж Монгол Улс Үндсэн хуулийн байгуулалд шилжсэн нь Монголын төр, эрх зүйн түүхэнд чухал байр суурийг эзэлдэг юм.

       Анхдугаар Үндсэн хуульд “… улсын дээд эрхийг жинхэнэ ардад … эдлүүлж”, “Улс төрийн бүх хэргийг ард түмнээс удирдан гүйцэтгэх явдлыг хүндэтгэнэ” хэмээн тунхагласан нь одоо ч утга агуулгаа хадгалан ардчилсан шинэ Үндсэн хуульд оршсоор байгаа билээ. Улсын хувь заяатай холбоотой асуудлыг нэг хүний үзэмжээр бус нийт ард түмний хүсэл зоригт нийцүүлэн шийдэх боломж бүхий засаглалыг бүрдүүлсэн нь анхдугаар Үндсэн хуулийн түүхэнд гүйцэтгэсэн чухал үүрэг юм.

      Хэдийгээр социалист хэв маягтай, үзэл сурталжсан гэх зэргээр шүүмжлэн хэлэлцэж болох ч 1924, 1940, 1960 оны Үндсэн хуулиуд, онцолж хэлбэл 1991 оны Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн хуулийн нэмэлтийн хууль нь Монголын ардчилсан нийгмийн оршин хөгжих суурь, арга ёсыг зангидан бэхжүүлсэн, ардчилсан төрийн гол хууль болох 1992 оны Үндсэн хуулийг батлан гаргах урьдач нөхцөл болсон юм.

       Монголчууд бид 1924 оны анхдугаар Үндсэн хуулиас хойш 1940, 1960 онуудад Үндсэн хуулиа шинээр баталж байсан нь тухайн үеийн нийгэм, улс төрийн нөхцөл байдал, геополитикийн өөрчлөлттэй уялдаж, үзэл суртал, эрх зүйн хязгаарлагдмал орон зайд үйлчилж байсан цагт ямагт Үндсэн хуульт ёсны дэвшилтэт үзэл санааг тээсээр ирсэн гэж дүгнэж болно. Тодруулбал, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, иргэний эрх, эрх чөлөөг Үндсэн хуулийн түвшинд баталгаажуулснаар ирснийг өнгөрсөн түүх маань нотолж байна.

Хүндэт хатагтай, ноёд оо,

      Өнөөдрийн энэ 100 жилийн ойн өдөр бол зөвхөн туулсан замаа тэмдэглэх  төдийгүй урдах замаа таних өдөр. “Өчигдрийг ухаарахгүйгээр өнөөдрийг бүтээх, маргаашийг төсөөлөх үнэхээр бэрхтэй” гэсэн үг бий. Хэрэв Үндсэн хуулийн үзэл баримтлалыг эрх зүйн ухамсрын хүчин зүйл гэдгийг хүлээн зөвшөөрөх юм бол Монгол Улсын Үндсэн хуульт байгуулал нь 1990-ээд онд огцом үүсэж бүрэлдсэн биш, харин түүхэн уламжлал, шинэтгэлийн тусгал-үр дүн мөн гэж болно.

     Эрх зүйт ёсны үзэл баримтлал дээр урган төлжсөн Үндсэн хуульт ёсны үзэл санаа эдүгээ ардчилсан төрт улсын нийгэм, улс төр, хууль зүйн суурь үзэл баримтлал, нийтлэг баримтлах цогц номлол болон хөгжиж байна. Үндсэн хуульт ёсыг орчин үеийн хандлагаар, ардчилал, эрх зүйт ёс, хүний эрх, эрх чөлөө, эрх мэдэл хуваарилах зарчим, Үндсэн хуулийн хэм хэмжээний дээд эрэмбэ, Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал, үндсэн хуулийн хяналтын үзэл санаа, мөн чанар, үнэт зүйлээр дамжуулан тодорхойлохоос аргагүй.

     Сүүлийн үед ардчилсан эрх зүйт төрт улсын үндсэн зорилго бол үндсэн хуульт ёсны дагуу төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн хяналтад оруулах замаар иргэний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалахад чиглэдэг гэж үзэх хандлага давамгайлж байна. Үндсэн хуульт ёсны шалгуур нь нэгдүгээрт, хүний эрхийг бодитой хамгаалж чадсан уу, хоёрдугаарт, төрийн эрх мэдлийг зөв хуваарилж, дураараа аашлахыг хязгаарлаж чадсан уу гэдгээр хэмжигддэг. Энэхүү шалгуурын үүднээс үзвэл Монгол Улсын шинэ Үндсэн хууль нь анхны ардчилсан, жинхэнэ Үндсэн хууль болсон гэж судлаачид үздэг бөгөөд үүгээрээ өмнөх Үндсэн хуулиудаас эрс ялгагдаж байна.

   Засгийн эрх ард түмнээс үүсмэл бөгөөд төрийн эрх мэдлийг засгийн гурван салаанд хуваарилах зарчмыг Үндсэн хуулиар бататгасан нь анхдагч утгаараа хүний эрхийг хамгаалах, бэхжүүлэх, хөхиүлэн дэмжихэд шууд чиглэсэн гэж үзэж болно. Үндсэн хуульт ёс нь товчоор хэлбэл, хүний үндсэн эрхийг эрх зүйт ёсны зарчим, үзэл баримтлалд тулгуурлан төрийн эрх мэдлээс хамгаалан баталгаажуулах агуулгыг илэрхийлдэг.

     Үндсэн хуулийн үг бүр, таслал, цэг бүр утга учиртай. Үндсэн хуулийн үзэл санаа, эрхэм зорилгыг хүн бүр зөв ухааран таньж ойлгох нь улс орны аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүн бүрийн аз жаргалтай, элбэг хангалуун амьдралын эх үндэс болно. Тиймээс бид өнөөдрийн түүхэн чухал үйл явдлыг тэмдэглэхдээ цаашид Үндсэн хуульт ёсыг баримтлан парламентаас хүний эрхийг баталгаажуулсан хуулийг тогтоох, гүйцэтгэх эрх мэдлээс хүний эрхийг дээдэлсэн үйл ажиллагаа явуулах, хүний эрхийг хангаж, хамгаалсан шийдвэрийг Үндсэн хуулийн цэц болон ердийн шүүхээс гаргах цогц зорилтыг хэрэгжүүлэх учиртай. Ингэж гэмээ нь ардчилсан Үндсэн хуулиа бүрэн дүүрэн хэрэгжүүлж, үр нөлөө, ашиг тусыг нь Та бид хүртэнэ.

   Үндсэн хуульдаа зарлан тунхагласан эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилго дор нэгдсэн туурга тусгаар улсын  ард түмний минь оюун билиг тунгалаг, золбоо хийморь төгөлдөр байх болтугай” гэв.

Хуваалцах:

Share on facebook
Share on twitter