Монгол Улсын Үндсэн хуулийн цэц тулгын чулуугаа тулсан үеэс эхлэн гадаад орны адил төстэй үүрэг гүйцэтгэдэг олон байгууллагуудтай хэлхээ холбоо тогтоон ажиллаж байна. Ингэхдээ гадаад орнуудын Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудтай харилцан төлөөлөгч солилцон, үндсэн хуулийн маргаан хянан шийдвэрлэх асуудлаар онол практикийн туршлага, мэдээлэл солилцон, үндсэн хуулийн шүүхүүдийн олон улсын болон бүс нутгийн байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирлээ.
Үндсэн хуулийн цэцийн төлөөлөгчид 1993-2025 онд БНСУ, Унгар, Австри, Румын, Польш, Турк, Герман, ОХУ, Болгар, Тайланд, Индонез, Армян, Казахстан, Энэтхэг, Египет, АНУ, Франц, Испани, Португал, Киргиз, Швейцар зэрэг улс орны Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудад албан ёсны айлчлал хийн мөн хугацаанд дээр дурдсан зарим улс орны Үндсэн хуулийн шүүхийн төлөөлөгчдийг хүлээн авч байгууллагын үйл ажиллагаа болон өөрийн орны соёлыг танилцуулан харилцан суралцаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц дангаараа болон ХБНГУ-ын Ханс Зайделын сан, Конрад Аденеуарын сан, Европын зөвлөлийн Венецийн комисс, Швейцарын хөгжлийн агентлаг зэрэг байгууллагуудтай хамтран олон улсын болон бүс нутгийн арга хэмжээг өөрийн эх орондоо амжилттай зохион байгуулсан. Тухайлбал 2002 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 10 жилийн ойд зориулан “Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн сахин хамгаалах баталгаа мөн” сэдвээр олон улсын онол практикийн бага хурал, 2005 онд “Үндсэн хуулийн шүүх ба Улс төр” сэдвийн дор Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн 3 дугаар семинар, 2007 онд Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 15 жилийн ойд зориулан “Монгол Улсын Үндсэн хуулийн хяналт: Төлөв байдал, цаашдын хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, 2009 онд “Үндсэн хуулийн хяналт ба Эрх мэдлийг хуваарилах нь” сэдвийн дор Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн 6 дугаар бага хурал, 2019 онд “Эрх мэдлийн хуваарилалт ба Үндсэн хуулийн шүүх” сэдэвтэй олон улсын бага хурал, 2022 онд Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн 5 дугаар Их хурал, 2023 онд цахимаар “Үндсэн хуулийн хяналтын хүрээнд хүний эрхийг хамгаалах нь” сэдэвт Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн олон улсын симпозиум, 2025 онд “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хууль тогтоомжийн шинэтгэл” семинарыг тус тус Улаанбаатар хотноо зохион байгуулсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2009 онд Европын зөвлөлийн Венецийн комиссоос ӨАБНУ-ын Үндсэн хуулийн шүүхтэй хамтран Кап Туан хотноо зохион байгуулсан Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн Дэлхий дахины Анхдугаар Их хурал, мөн Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн Дэлхий дахины 2011 оны 2, 2013 оны 3, 2017 оны 4, 2022 оны 5, 2025 оны 6 дугаар Их хурал, АНУ-ын Ардчиллын төвөөс Вашингтон, Бухарест, Будапешт, Киев, Прага, Страсбург, Сан-Франциско хотноо зохион байгуулсан олон улсын шүүгчдийн бага хурлууд, Индонез, Монгол, Тайланд, Филиппин, БНСУ-ын Үндсэн хуулийн болон дээд шүүхүүд Конрад Аденуарын сантай хамтран Жакарта, Манила, Бангкок, Улаанбаатар, Сөүл хотноо зохион байгуулсан Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн олон улсын хурлууд болон ОХУ, Турк, БНСУ, Индонез, Казахстан улсын Үндсэн хуулийн шүүхүүдээс зохион байгуулдаг олон улсын хурал арга хэмжээнүүдэд тогтмол оролцож ирсэн.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц дэлхийн (Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн Дэлхий дахины хурлын гишүүн) болон бүс нутгийн үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн нийгэмлэгүүдийн гишүүн юм. Тодруулбал, Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын Евразийн нийгэмлэгийн гишүүн, мөн Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэг /ҮХШАН/-ийг 2005 онд байгуулах саналыг дэвшүүлэн, Азийн нийгэмлэгийг байгуулах Бэлтгэл хорооны ажилд идэвхтэй оролцсон. Улмаар 2010 онд Индонезийн Жакарта хотноо зохион байгуулагдсан Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн 7 дугаар бага хурлын үеэр Индонез, БНСУ, Малайз, Монгол, Филиппин, Тайланд, Узбекистан улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга нар гарын үсэг зурснаар ҮХШАН-ийг байгуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц тус нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болсон билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийг 2021-2023 онд даргалсан бөгөөд одоо тус нийгэмлэг 21 гишүүнтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр, гишүүн Д.Солонго нар ОХУ-ын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулан ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхээс Санкт Петербург хотноо зохион байгуулсан олон улсын бага хурал, олон улсын хууль зүйн VIII чуулга уулзалтад оролцов.
© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.