Намын гишүүнчлэлээс түдгэлзэх талаарх Цэцийн дүгнэлт (2026, №06)-ийн тойм

  • Post author:

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 09 дүгээр  сарын 11-ний өдрийн дунд суудлын хуралдаанаас гаргасан 06 дугаар дүгнэлтээр Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүн улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзэнэ гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. … Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. Төрийн зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно;” гэж заасныг зөрчөөгүй гэж шийдвэрлэсэн байна.

Хүний эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх нь төрийн үндсэн үүрэг боловч энэ чиглэлд тасралтгүй ахиц дэвшил гаргахад иргэд, тэдгээрийн нэгдэл буюу иргэний нийгмийн идэвхтэй оролцоо амин чухал. Энэ хүрээнд иргэн бүр хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих үйл ажиллагааг тайван замаар явуулах эрхтэй бөгөөд энэхүү эрхээ эдэлж буй хэн бүхэн “хүний эрх хамгаалагч” мөн. Иргэн хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих үйл ажиллагааг ганцаараа, эсхүл бусадтай нэгдэж, түүнчлэн иргэний хувиар, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаагаар дамжуулан явуулж болно. Тухайлбал, төрийн бус байгууллагын ажилтан, байгаль орчныг хамгаалагч, үйлдвэрчний эвлэлийн гишүүн, сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмцэгч, шүгэл үлээгч, хуульч зэрэг хэн ч хүний эрх хамгаалагч байх боломжтой. Хүний эрх хамгаалагч нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван жагсаал, цуглаан хийх зэргээр хүний эрхийг баталгаатай эдлүүлэх, улмаар ардчиллыг нээлттэй, олон ургалч, иргэдийн оролцоотой байлгах, төлөвшүүлэх, хууль дээдлэх ёсыг сахиулахад дэмжлэг үзүүлдэг байна.

Монгол Улсад хүний эрх хамгаалагч нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих үйл ажиллагаа явуулсныхаа төлөө сүрдүүлэг, мөрдөн мөшгилт, худал буруутгал, гутаалт, шахалт, дарамт, ялгаварлан гадуурхал зэрэг эрсдэлд өртөж, эрх нь ноцтой зөрчигдөх тохиолдол заримдаа гардаг байна. Иймээс хүний эрх хамгаалагч үйл ажиллагаа явуулах аюулгүй, ээлтэй орчныг бүрдүүлэх үүргийг төр хүлээнэ. Энэ хүрээнд Улсын Их Хурлаас 2021 онд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталжээ. Ийм тусгайлсан хууль нь хүний эрх хамгаалагчийн гүйцэтгэдэг чухал чиг үүргийг хүлээн зөвшөөрч, түүнийг хамгаалах болон эдлэх эрхийг нь баталгаажуулж, улмаар хэн бүхэнд хүний ​​эрхийг баталгаатай эдлүүлэхэд хувь нэмэр оруулахаар байна.

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизмыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс (Комисс)-ын бүтцэд байхаар заасан байна. Тус комисс нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрх, эрх чөлөөг хангах баталгааны салшгүй хэсэг бөгөөд хүний эрхийн үндэсний, бие даасан байгууллагын хувьд өөрийн чиг үүргээр хүний эрх хамгаалагчийг хамгаалахын зэрэгцээ Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүнийг Комиссын гишүүд дотроосоо сонгон ажиллуулахаар тусгажээ. Түүнчлэн Комиссын дэргэдэх орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо (Хороо)-ны эрх зүйн үндсийг тогтоож, Комиссын ажлын албаны бүтцэд бие даасан нэгж байгуулсан байна. Тус хороо нь Комиссын дэргэд ажиллах орон тооны бус бүтэц боловч хууль зүйн мэргэжлийн холбоодоос санал болгосон болон ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төлөөллөөс нээлттэй сонгон шалгаруулсан гишүүдээс тэнцвэртэйгээр бүрдэж, хүний эрх хамгаалагчийн оролцоог хангахаар зохицуулагдсан байна.

Хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлтийг бие даан гаргах нь Хүний эрх хамгаалагчийн хорооны үндсэн чиг үүрэг байна. Тус дүгнэлт нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх боломжтой бөгөөд хүний эрх хамгаалагчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр арга хэмжээ авах үндэслэл болдог байна. Хэдийгээр Хороо нь дүгнэлтээ хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар гаргах ч Хорооны гишүүн нь өөрт хуваарилагдсан гомдол, мэдээллийг шалгах, эрсдэлийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргах зэрэг бэлтгэл ажиллагааг Комиссын холбогдох ажилтантай хамтран явуулах бөгөөд гомдол, мэдээллийг шалгахдаа Комиссын гишүүний бүрэн эрхээс заримыг нь хэрэгжүүлж болохоор журамлажээ. Иймд Хорооны гишүүн эдгээр бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ Комиссын гишүүнтэй адил хараат бус, төвийг сахиж ажиллах үүрэгтэй.

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт буюу маргаан бүхий заалтад Хорооны гишүүн намын гишүүнчлэлээс түдгэлзэхээр заасан нь бүрэн эрхийн хугацаандаа тухайн намын бүтцийн байгууллагад сонгох, сонгогдох болон намын дүрэмд заасан бусад эрхийг эдлэхгүй, намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохгүй байх агуулгатай тул иргэний эвлэлдэн нэгдэх эрх, үүний дотор намд гишүүнээр элсэх эрхийг хязгаарласан шинжтэй байна.

Эвлэлдэн нэгдэх эрх нь нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, түүнд элсэх, үйл ажиллагаанд нь оролцох позитив эрхийг төдийгүй элсэхгүй байх, үйл ажиллагаанд оролцохгүй байх, түүнээс гарах негатив эрхийг ч агуулна. Энэ эрх нь иргэд нийтлэг зорилгын төлөө төрийн оролцоогүйгээр, сайн дурын үндсэн дээр хамтрах боломжийг олгодог. Эвлэлдэн нэгдэх эрхийг эдлүүлэх нь нээлттэй, олон ургалч байдлыг дэмжиж, иргэний орон зайг хамгаалж, бусад үндсэн эрхийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.

Маргаан бүхий заалт нь үндсэн эрхийн хязгаарлалтад тавих нийтлэг шаардлагыг дараах үндэслэлээр хангаж байх тул эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчөөгүй байна.

Нэгд, маргаан бүхий заалт нь хоёрдмол утгагүй бөгөөд Хорооны гишүүнээр батламжлагдсан тохиолдолд намын гишүүнчлэлээс түдгэлзэх үр дагаврыг урьдчилан таамаглах боломжтой байх тул эрх зүйн тодорхой байдал хангагдсан байна. Түүнчлэн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтад “… Төрийн зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно;” гэж заасан нь төрийн бүх албан хаагчийн бус, харин хараат бусаар, төвийг сахиж ажиллах үүрэг бүхий зарим төрлийн албан хаагчийн хувьд энэ үүргийн биелэлтийг хангахад зайлшгүй тохиолдолд үйлчлэхээр байна. Тус заалтыг зорилгоор нь тайлбарлавал төрийн албан хаагч биш хэдий ч төрийн чиг үүргийг хараат бусаар, төвийг сахиж хэрэгжүүлэх орон тооны бус албан хаагчийн намын гишүүнчлэлийг түдгэлзүүлэхийг хориглоогүй байна.

Хоёрт, Хорооны гишүүн намын гишүүнчлэлээс түдгэлзэхийг хуулиар үүрэгжүүлэх нь хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлтийг бие даан гаргах чиг үүрэг бүхий тус хороонд итгэх олон нийтийн итгэлийг хадгалах, түүний гишүүний хараат бус, төвийг сахисан байдлыг хангах хууль ёсны зорилгод хүрэхэд уялдаатай, зайлшгүй, тэнцвэртэй байх тул тохирсон байх зарчимд нийцсэн байна. Хувь хүний улс төрийн үйл ажиллагаанаас ялгаатай нь намын үйл ажиллагаа нь иргэдийн улс төрийн хүсэл зоригийг бүрдүүлэхэд мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг. Иймээс Хорооны гишүүн намын гишүүнчлэлээс түдгэлзэхгүй бол Хороонд итгэх олон нийтийн итгэл буурах эрсдэлтэй. Хорооны гишүүн өөрийн харьяалагдах намынхаа ашиг сонирхлыг төлөөлж, хэрэгжүүлэх эрсдэлтэйгээс гадна албан үүргээ гүйцэтгэхдээ тодорхой нам, нэр дэвшигчийг дэмжих, эсхүл эсэргүүцэх байр суурийг шууд бусаар баримтлах замаар улс төрийн хувьд төвийг сахих зарчим алдагдаж болзошгүй юм.

Иймд намын гишүүнчлэлээс түдгэлзэх заалт нь тус хорооны гишүүн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ улс төржсөн гэх ойлголт төрүүлэхээс сэргийлэх үр дүнтэй бөгөөд эвлэлдэн нэгдэх эрхийг илүү бага хязгаарласан арга хэрэгсэл гэж үзэхээр байна. Ийнхүү түдгэлзсэнээр Хороонд итгэх олон нийтийн итгэлийг хадгалахад оруулах хувь нэмэр нь түдгэлзсэнээс үүсэх сөрөг үр дагавраас илүү ач холбогдолтой байна. Өөрөөр хэлбэл, Хороо гомдол, мэдээллийг шалгах ажиллагааг хараат бусаар, төвийг сахин явуулж, хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлтийг бие даан гаргадаг гэдэгт итгэх олон нийтийн итгэл нь уг дүгнэлтийн легитим шинжийг бий болгох, улмаар нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх болон түүний зөрчигдсөн эрхийг сэргээх, аюулгүй байдлыг хамгаалах суурь нөхцөл болно.

Гуравт, маргаан бүхий заалт нь хэн санал болгож, эсхүл сонгон шалгаруулж батламжилсан эсэхээс үл хамааран Хорооны гишүүн бүрд намын гишүүнчлэлээс түдгэлзэх үүрэг хүлээлгэсэн байх бөгөөд Хороо хууль зүйн үр дагавар үүсэх боломжтой дүгнэлт гаргадаг, түүний гишүүн уг дүгнэлт гаргах бэлтгэл ажиллагааг явуулдаг онцлогт нь нийцсэн, зохих үндэслэлтэй байх тул ялгаварлан гадуурхсан гэж үзэхээргүй байна.

Маргаан бүхий заалтаар Хорооны гишүүн намын гишүүнчлэлээс түдгэлзэхийг өөрт нь үүрэгжүүлсэн төдийгүй Комисст энэ үүргийн биелэлтийг хангуулах бүрэн эрхийг олгосон байна. Хорооны гишүүн хэдий хугацаанд намын гишүүнчлэлээс түдгэлзэж буйгаа хэнд мэдэгдэх, ийнхүү мэдэгдээгүй бол ямар арга хэмжээ авах, Хорооны хэвийн үйл ажиллагааг хэрхэн хангах зэргийг тус хуульд нарийвчлан тусгаагүй боловч энэ асуудлыг Комисс Хүний эрх хамгаалагчийн хорооны ажиллах журмаар зохицуулах нь зүйтэй байна.

Дунд суудлын хуралдааны илтгэгч гишүүн

            Санамж: Энэхүү тоймыг олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэсэн тул Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлтийг орлохгүй бөгөөд тус дүгнэлтийг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.