Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс санаачлан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, “Чимид сан” хамтран Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Бяраагийн Чимидийн “Үндсэн хуулийн үзэл баримтлал дахь хүний эрх” номын уншлагыг өнөөдөр (2026.10.20) зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээ нь Б.Чимидийн эрдэм судлалын өвийг түгээн дэлгэрүүлэх, хүний эрх, эрх чөлөөний талаарх Үндсэн хуулийн үзэл баримтлалыг судлан шинжлэх, түүний бүтээлийг эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулахад чиглэж байгаагаараа онцлог юм.
Номын уншлагыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга асан Г.Баясгалан, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн С.Дондов нар чиглүүлж, дараах сэдвээр үндсэн илтгэлийг хэлэлцүүлэв. Үүнд:
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, доктор, дэд профессор О.Мөнхсайхан “Хүний эрхийн талаарх Үндсэн хуулийн үзэл баримтлал”,
- Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, доктор, профессор Д.Сүнжид “Хүний эрхийг хамгаалах тогтолцоо”,
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Эрдэнэбат “Хувийн эрх, эрх чөлөө”,
- Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, доктор, дэд профессор Б.Энхболд “Улс төрийн эрх, эрх чөлөө”,
- Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, дэд профессор Г.Давааням “Эдийн засаг, нийгэм, соёлын эрх”
Үндсэн илтгэлүүдтэй холбогдуулан 20 гаруй эрдэмтэн, судлаач санал, дүгнэлтээ танилцуулж, хүний эрх, эрх чөлөөний талаарх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Номын уншлагад Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Монгол Улсын Их Хурал, шүүх эрх мэдлийн байгууллага, төрийн болон хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл зэрэг 80 гаруй хүн оролцов. Энэ удаагийн номын уншлагыг “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц” албан ёсны YouTube сувгаар шууд дамжуулсан бөгөөд цахимаар 40 орчим хүн оролцлоо.
2024 онд Б.Чимидийн “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс”, 2025 онд “Сонгуульд суралцахуй” зэрэг бүтээлээр номын уншлага, хэлэлцүүлгийг зохион байгуулж байсан бөгөөд энэ удаагийн номын уншлага нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал дахь хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёсны мөн чанарыг эргэцүүлэн тунгаах оюуны уулзалт болсноороо ач холбогдолтой арга хэмжээ боллоо.



